Cибирийн “Листвяжная” уурхайд Пүрэв гаригт метан хий дэлбэрч 52 уурхайчин амь үрэгджээ. Пүрэв гаригт 14 хүн амиа алдсаныг баталсан бөгөөд уурхайн алслагдсан хэсэгт гацсан бусад хүмүүсийг эрэн хайх ажил эхэлсэн бол Баасан гаригт амь үрэгдсэн бусад хүмүүсийг олж, 31 хүн сураггүй болсон талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Уурхайд метан хий дэлбэрч, гал гарч, хорт утаагаар дүүрч, метан болон нүүрстөрөгчийн дутуу ислийн хий хуримтлагдсан тул аврагчид эрлийн ажиллагаа тасалдсан байна. Гэвч аврагчид уурхайгаас нийт 239 хүнийг аварч, Баасан гаригт тэдний 63-т нь эмнэлгийн тусламж хүргэж чадсан талаар уурхай байрладаг Кемерово мужийн албаны хүмүүс мэдэгджээ.
Кемерово мужид орших Распадская уурхайд 2010 онд хоёр удаа метан хий дэлбэрч, 91 хүн галд өртсөн нь Оросын хамгийн олон хүний аминд хүрсэн уурхайн осолд нэрлэгдэж байжээ. 2016 онд ОХУ-ын алс хойд хэсэгт орших нүүрсний уурхайд мөн метан шатаж, 36 уурхайчин амиа алдсан байна.
Уг үйл явдлын дараа эрх баригчид тус улсын 58 нүүрсний уурхайн аюулгүй байдалд дүн шинжилгээ хийж, 20-ийг нь аюултай хэмээн зарлажээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Листвяжная уурхайг аюултай уурхайн тоонд багтаагүй байсан хэмээн мэдээлж байсан ч 2004 онд уг уурхайд метан хий дэлбэрч 13 хүн амь үрэгдэж байжээ.
Уурхайн осолтой холбоотойгоор бүс нутгийн хэмжээнд албаныхан гурван өдрийн гашуудал зарлажээ. ОХУ-ын Мөрдөн байцаах хороо гал түймрийн аюулгүй байдлын дүрэм зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон шалтгаанаар Эрүүгийн хэрэг үүсгэн уурхайн дарга болон хоёр ахлах менежерийг саатуулаад байгаа юм байна.
Мөн энэ сарын эхээр тус уурхайд шалгалт хийсэн төрийн албан хаагчдыг ажилдаа хайнга хандсан гэх үндэслэлээр өчигдөр дахин нэг Эрүүгийн хэргийг үүсгэжээ.