МУИС-ийн захирлын 2021 оны 11 сарын 19-ний өдрийн А330 тоот тушаалаар Шинжлэх ухааны сургуулийн харьяанд Археологийн судалгааны төвийг байгуулж захирлаар нь Антропологи, археологийн тэнхимийн дэд профессор Ц.Төрбатыг томилов.
Антропологи, археологийн тэнхимд 2020-2021 онд археологийн чиглэлийн олон туршлагатай шинэ багш ажиллаж эхэлсэн нь хүний нөөцийн хувьд идэвхтэй үйл ажиллагаа явуулах боломжтой болгосон байна.
Монголын нийгэм, хүмүүнлэгийн ухааны хүрээнд хамгийн эрчтэй хөгжиж буй археологийн салбарт МУИС өөрийн байр суурьтай болох, гадаад дотоод хамтын ажиллагааг эрчимжүүлэх, археологийн сургалтыг дэмжих суурь судалгааг хөгжүүлэх үндсэн зорилгын хүрээнд энэхүү төв үйл ажиллагаагаа явуулах юм.