Органик үйлдвэрлэгчдийн V чуулган энэ сарын 30-нд болохоор тов нь гарлаа. Чуулганыг ХХААХҮЯ, Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн хүрээлэн, “АДРА Монгол” ОУБ, хамтын болон хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллагууд, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо хамтран цахимаар зохион байгуулна.
Түүнээс өмнө энэ сарын 29-ны өдөр хөрсний чанарыг сайжруулах, органик бордооны үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Хөрсний үржил шим-Органик бордоо” сургалтыг Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн хүрээлэн удирдан явуулна. Мөн органик бордоо үйлдвэрлэгчид өөрсдийн үйлдвэрлэж буй органик бордоог танилцуулна.
Органик хүнсний бүртгэл, мэдээллийн сан www.organic.gov.mn ашиглалтад орсон ба өнөөдрийн байдлаар органик хүнсний бүртгэл, мэдээллийн 420 органик болон шилжилтийн үеийн органик хүнс, импортын 35 хүнс бүртгэлтэй байна.
УИХ, Засгийн газраас “Органик хүнсний тухай” хууль, дүрэм журмыг баталж, органик хүнс үйлдвэрлэх эрх зүйн орчин бүрдсэн.
Мөн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “…органик хүнсний хэрэглээг дэмжих, мал аж ахуйн органик үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, хөдөө орон нутгаас нийлүүлдэг органик хүнсний сүлжээ бий болгох, органик бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх” гэсэн томоохон зорилтыг тавьсан нь органик хөгжлийн концепцийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд чухал түлхэц болж байна.
Сургалт, чуулганд органик үйлдвэрлэгч, хэрэглэгч, дэмжигч, органик үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой иргэд, аж ахуйн нэгж, төр болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцох боломжтой гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.