УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, НҮБ-ын Хөгжлийн сан, БНСУ-ын “КОЙКА” Олон улсын хамтын ажиллагааны агентлаг хамтран өнөөдөр /2021.11.24/ “Улс төрийн санхүүжилт ба эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо: БНСУ-ын туршлагаас суралцах нь” хэлэлцүүлгийг танхим болон цахимаар зохион байгууллаа.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат “Монгол Улс хүний эрх, эрх чөлөө, тэгш байдал, шударга ёс гэсэн хүн төрөлхтний тулгуур үнэт зүйлийг эрхэмлэн дээдлэх үзэл санаагаа үндсэн хуульдаа тунхаглаж хүмүүний иргэний ардчилсан нийгмийг цогцлоох, хөгжүүлэхийг зорьж байгаа. Улс орныхоо онцлогт нийцүүлж үндсэн хуульдаа шингээсэн энэхүү нэн чухал үзэл санааг бодитоор хэрэгжүүлэхэд бидний өмнө тулгарч буй олон асуудлуудын нэг нь улс төрийн санхүүжилт, эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэх асуудлууд юм. Зөвхөн манай улс ч гэлтгүй дэлхийн олон улсууд жендэрийн тэгш байдлын асуудал дээр анхаарал хандуулж байна.
Манай улсын эмэгтэйчүүдийн хүний хөгжлийн индекс эрэгтэйчүүдээсээ өндөр. Түүнчлэн 25-аас дээш насны эмэгтэйчүүдийн 91.2 хувь нь дундаас дээш боловсрол эзэмшсэн байна. Хэдийгээр эмэгтэйчүүдийн боловсролын түвшин өндөр, эрүүл мэндийн үзүүлэлтүүд сайжирсан зэрэг ахиц гарч байгаа ч хөдөлмөр эрхлэлт, шийдвэр гаргах түвшний жендэрийн ялгаа байгааг үгүйсгэж болохгүй.
Түүнчлэн улс төрийн намын тухай болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл боловсруулагдаж, өргөн барихад бэлэн болоод байгаа. Намын санхүүжилтийн эх үүсвэр, түүний зарцуулалт, тайлан олон нийтэд ил тод байх эрх зүйн зохицуулалт хангалтгүй байна. Тиймээс улс төрийн намын дотоод ардчилал хумигдах, тэгш байдлыг хангахад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж олон улсын байгууллагууд дүгнэж байгаа. Цаашдаа бид сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлэх шаардлага байгаа” хэмээн хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ онцлон хэллээ.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Мөнхцэцэг, Б.Баттөмөр, Д.Цогтбаатар, УИХ-ын даргын ахлах зөвлөх Ц.Цогзолмаа, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн М.Конкиевич болон улс төрийн намуудын төлөөлөл, судлаачид оролцжээ.