УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар улс төрийн санхүүжилт ба эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо сэдэвт хэлэлцүүлэг явууллаа.
Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав.
Тэрбээр “УИХ-ын түвшинд улс төрийн намын уламжлал боломжийн түвшинд тавигдсан. 1924 оны Үндсэн хуулиар эмэгтэйчүүдийн эрхийг баталгаажуулжээ.
Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн тодорхой заалт өнөөдрийг хүртэл хэрэгждэггүй. Олон салбаруудад Жендэрийн эрх тэгш байдлын хуульд заасан квот хүрдэггүй.
Манай улс жендэрийн ерөнхий үзүүлэлтээр дэлхийн болон азийн дунджаас доогуурт орж байна. Шийдвэр гаргах түвшинд, улс төрийн төлөөллийн индексээр дэлхийн орнуудаас 120 дугаарт явж байна.
Улс төрийн намууд тодорхой квотод тулгаж нэр дэвшүүлдэг. Санхүүжилтийн бэрхшээл бий. Улс төрийн намын тухай шинэ хуулийн төсөлд гол заалтыг оруулсан. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог зөвхөн квот гэдгээр үзэж болохгүй. Эмэгтэй улстөрчийг сурган бэлтгэх санхүүжилтэд анхаарах зарчмыг дэлхийн орнууд баримталж байгаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоог дэмжсэн тохиолдолд төрөөс тухайн намуудад нэмэлт санхүүжилт олгох заалтыг хуулийн төсөлд оруулсан. Намын доторх ялгаварлан гадуурхалтыг хориглох, намын үйл ажиллагаан дахь эрх тэгш байдлыг хангах, нэр дэвшигчдээс ямар нэгэн дэнчин авах, хандив нэхэх, гишүүдэд цалин урамшуулал өгөхийг хориглосон заалтыг мөн төсөлд тусгалаа.
Улс төрийн намын тухай хуулийг удахгүй Ерөнхийлөгчид өргөн барина. Олон улсын туршлагаас харахад эмэгтэй улстөрчид улс төрийн нам, шашны ялгаатай байдлаас үл хамааран нэгдэж ажиллаж чаддаг” гэлээ.