Төрийн үйлчилгээний байгууллагын нэгээс гуравдугаар зэрэглэлийн ажилтнуудыг хувийн хэвшилд шилжүүлэхтэй холбогдуулан үүсээд буй нөхцөл байдлын талаар МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар мэдээлэл хийлээ.
Тэрээр “Төрийн албаны зөвлөлөөс албан тушаалын ангилал, зэрэглэлийг боловсронгуй болгох, цалин хөлсний тогтолцоог шинэчлэх санал боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг 2024 он хүртэл судалгаа явуулна. Судалгааны дүгнэлтээс шалтгаалж шилжилт хөдөлгөөн үүсэж болзошгүй байгаа. Харин манай холбооны зүгээс төрийн үйлчилгээний ажилтнуудыг хувийн хэвшил рүү шилжүүлж болохгүй гэж үзэж байна. Үүний цаана олон мянган хүүхэд, төрийн үйлчилгээний ажилтны асуудал яригдаж буй. Бид энэ асуудлын талаар Нийслэлийн Засаг дарга, холбогдох албаны хүмүүсээс тодруулна.
Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хэлэлцээрт үүсээд буй энэ нөхцөл байдлын талаар санал шаардлага хүргүүлсэн. Үүнд Засгийн газрын төсвийг хяналтын горимд оруулах, цалин хөлс нэмэгдүүлэхгүй байх тогтоолыг хасах хэрэгтэй гэсэн саналыг ХНХ-ын сайд, ҮХ-ны дарга А.Ариунзаяад хүргүүлж улмаар Үндэсний хорооны шийдвэрт тусгуулсан. Тиймээс улсын гурван талт хэлэлцээр, холбогдох хуулийн хүрээнд энэ асуудлыг авч хэлэлцэнэ”гэв.
Тэрээр цааш нь “Хэрэв зарим байгууллага төсөв хэмнэх зорилгоор ажлын байраа цомхотгож байгаа бол хатуу шаардлага хүргүүлнэ. Төсвийн алдагдлыг ажилчдын цалин хөлсөөр нөхөж болохгүй” гэв.