УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.11.23/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийлээ.
УИХ-ын гишүүн Н.Учрал хуулийн төслийнхөө талаар “Уулын аманд хашаа хатгасан хүмүүс, уул уурхай ухаж буй хүмүүс бүгд ил тод болно.
Хуулийн төсөлд газрын гэрчилгээ, уул уурхайн лицензийн эзэмшигчдийн талаар мэдээлэл нээлттэй байхаар хуульчилсан. Хэн нь мэдэгдэхгүй газар аваад хашаа хатгадаг, ухаж төнхдөг байдал үгүй болж хэн гэж хэн энэ газрыг ухаад байгаа нь, хашаалаад байгаа нь тодорхой болно.
Ер нь энэ хуулийг дагаад маш олон зүйл нээлттэй, ил тод болж байгаа.Түүнчлэн сэтгүүлчид сэтгүүл зүйн зорилгоор болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс мэдээлэл цуглуулахдаа заавал мэдээллийн эзний зөвшөөрлийг шаардахгүй. Цаашид хувийн мэдээлэл хамгаалах, аливаа мэдээллийн аюулгүй байдалд халдсан, зөрчсөн, хүний эрхийг хөндсөн эрүүгийн болон зөрчлийн хэрэгт оногдуулах ял, шийтгэлийн бодлогыг чангатгаж байгаа” гэжээ.