Цар тахлын энэ үед хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай Хариуцлагын гэрээ байгуулсны үндсэн дээр 50 хувийн дүүргэлттэйгээр үйл ажиллагаагаа явуулж буй. Тэгвэл Монголын ресторан, зоогийн газрын холбоо, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албатай хоёр удаагийн хэлэлцээрийн үр дүнд өчигдөр тухайн гэрээг шинэчилж, шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулахад санал нэгджээ.
Хариуцлагын гэрээгээр аж ахуйн нэгжүүд 50 хувийн дүүргэлттэй үйл ажиллагаа явуулж байсан. Энэ нь орлогынхоо 50 хувийг олж байгаа буюу ашиг олохгүйгээр зөвхөн урсгал зардлаа нөхөх хэмжээнд л үйл ажиллагаагаа явуулж, санхүүжүүлэх бололцоотой байсан юм.Тэгвэл өчигдрийн хэлэлцээрийг цар тахлын нөхцөл байдал сайжирч буйтай уялдуулан шийдвэрлэсэн бөгөөд аж ахуйн нэгжүүдийн заал дүүргэлтийг 50 хувь байлгах хоригийг цуцалж, гэрээгээ шинэчилсэн аж ахуйн нэгжүүд 100 хувийн дүүргэлттэйгээр үйл ажиллагаа явуулж болно гэдэг дээр санал нэгджээ.
Энэ нь бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд тустайгаас гадна шинэ жилийн арга хэмжээнд орохоор төлөвлөж буй байгууллагуудад хүндрэл учруулахгүй байх ач холбогдолтой гэж талууд үзсэн аж. Гэхдээ аж ахуйн нэгжүүд 100 хувийн дүүргэлттэй үйл ажиллагаа явуулахын тулд үйлчилгээний ажилтнууд коронавирусийн эсрэг вакцины дархлаа сэргээх нэмэлт тунд заавал хамрагдсан байх шаардлагыг тавих юм байна.