Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Бусад хуулиар зохицуулснаар гэдэг том уутыг хасах ёстой. Гэтэл Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль Гүйцэтгэх ажлын тухай хуулиар тусгайлан зохицуулснаас бусад хувь хүний нууцтай харилцаа гэж оруулж ирсэн байна. Гүйцэтгэх ажлын тухай хууль хүний эрхийг зөрчиж болмооргүй юм. Бусад янз бүрийн хуулиар хүний хувийн мэдээллийг хулгайлж болохгүй.
Улсын төсөв ер нь болохгүй байна. УИХ нэг тогтсон стандарттай болооч гэж хэлмээр байна. Хууль хүчингүй болсон тухай юмыг хэвлэж өгч байгаа юм. Цав цагаан цаасны толгой дээр нь хэдхэн өгүүлбэр. 500 ширхэгтэй цаас 11 мянган төгрөг. Манай улсад мөнгө, цаас хэмнэдэг бодлого гэж байна уу? Нэг хуулийн төсөл хэлэлцэхэд хоёр мянган төгрөг устгаж байна” гэв.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Н.Учрал “Хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулийн анхны хэлэлцүүлгийн үеэр байнгын хорооны хуралдаан дээр Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар нарын гишүүн төслийн 3.4 дүгээр зүйлийг өөрчлөн найруулах санал гаргаж дэмжигдсэн. Гүйцэтгэх ажлын явцад мэдээлэл цуглуулах, хамгаалахтай холбогдсон харилцааг Гүйцэтгэх ажлын хуулиар зохицуулна гэж ерөнхий байдлаар зохицуулсан байсныг гишүүдийн саналаар Гүйцэтгэх ажлын хуулиар зохицуулснаас бусад хувь хүний нууцтай холбоотой харилцааг гэж тодорхойлсон.
Ингэснээр Гүйцэтгэх ажлын хуулиар тусгайлан зохицуулснаас бусад харилцаа Хувь хүний нууцын тухай хуульд хамаарна гэсэн ойлголт явж байгаа. Хуульд өөрөөр заагаагүй бол гэсэн олон зохицуулалтыг тус хуулиас хассан.
УИХ-ын гишүүд өөрсдөө цааснаас татгалзах боломжтой. Бидний хэрэглэж байгаа аппликэйшн дээр бүх хуулиуд бий. Цаасгүй явъя гэхээр хэвлээд өгөөч гэдэг. УИХ-ын дарга ч энэ талаар санаачилга гаргаж байсан. Үнэхээр бүгд цаас хэрэглэхээс татгалзах юм бол байнгын хорооны ажлын албаны ажил амар болно” гэлээ.