“Үндэстний цөөнхөө эх хэлээрээ суралцах боломжийг зарим улс олгодоггүй. Манай улсад цөөнх эх хэлээрээ боловсрол эзэмших эрхтэй байдаг нь сайшаалтай ч бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн түвшин төдийлөн хангалтгүй байна” хэмээн “Бүх нийт боловсролын төлөө!” иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг өнөөдөр болсон Боловсролын бодлогын хэлэлцүүлгийн үеэр хэллээ.
Уг хэлэлцүүлэг цаашид өөр өөр сэдвийн хүрээнд үргэлжлэх бөгөөд өнөөдрийн тухайд “Үндэстний цөөнхийн хос хэлний боловсролын асуудал, шийдэл” сэдвээр талууд хэлэлцсэн юм.
Манай улсад үндэстний цөөнхийн хамгийн том төлөөлөл нь казах, цаатан, тува байна.
Ерөнхий зохицуулагч Д.Тунгалагийн хэлж буйгаар манай улс Алсын хараа-2050, Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө 2021-2030-д дээрх асуудлаар тодорхой зорилт тусгасан байгаа ч өнөөгийн нөхцөл батлагдсан байгаа баримт бичгүүдийн хэрэгжилт хангалтгүй байгааг зэмлэсэн юм.
Тэрбээр “Үндэстний цөөнхийн хос хэлний боловсролын талаарх хуулийн заалтууд тунхгийн шинжтэй байгаагаас хэрэгжилт нь тааруу. Ердөө нэг, нэг өгүүлбэр байдаг. Цөөнхийн хос хэлний хөтөлбөр нь төрөлх монгол хэлтэй хүүхдээс тэс өөр байх учиртай.
Сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаа 2018 онд л Эх хэлний хөтөлбөр бүрэн боловсруулагдаж, сургалтад хэрэгжиж байна. Бүрэн дунд боловсролын казах хэлний хөтөлбөр, суралцахуйн удирдамж өнөөг хүртэл боловсруулагдаагүй.
Монгол хэлний хичээл 2 дугаар ангиас эхлэн орж байгаа ч өнөөг хүртэл үндэстний цөөнхийн хүүхдүүдэд зориулсан бага ангийн монгол хэлний хөтөлбөр боловсруулагдаж гараагүй” гэлээ.
Иймээс тэрбээр
- үндэстний цөөнхийн хүүхдийн хос хэлний боловсролын бодлого боловсруулж батлах,
- ЕБС-ийн сургалтын төлөвлөгөө хос хэлний сургалттай сургуулиудыг тэгш хамруулсан байдлаар батлах,
- үндэстний цөөнхийн бага ангийн сурагчдын хэрэгцээ, сонирхолд нийцсэн монгол хэлний гарын авлага, зөвлөмж зэрэг нэмэлт материал боловсруулж хэвлэн хүргэх зэрэг саналыг дэвшүүлэв.