Зохиолч Ё.Далайжамцын хүүхэд багачуудад зориулсан “Би монгол хүн” нэртэй номын нээлт боллоо. Уг ном нь хүүхэд залуучуудад монгол ёс заншил, ахуй, аж амьдралыг танин мэдүүлэх цаашлаад монгол хүн болоход нь хувь нэмрээ оруулахыг зорьсон аж. Тэрбээр анх хоёр жилийн өмнө номныхоо санааг олсон төдийгүй яг энэ төрлийн хүүхдийн зохиол дутмаг болохыг анзаарсан гэнэ.
“Би монгол хүн” ном нь 3000 ширхэгээр хэвлэгдэж 26 нүүр бүхий 10 бүлгээс бүрдэх аж. Харин зохиолын дүрслэл нь хоёр хүүхдийн харилцан яриагаар өгүүлэгдэх бөгөөд Америкт өссөн Билгүүдэй Монголдоо ирж хөдөө явснаар Ананд гэдэг найзтай болж байгаагаар үйл явдал үргэлжлэх юм.
Номонд гарах зураг дүрслэл дээр Ц.Цэнгэл хэмээх авьяаслаг залуу хамтран ажиллажээ. Хүүхдүүдэд уншихад хялбар байдлаар үсэгний фондыг томосгож, үйл явдлыг монгол ахуйн зургаар дүрсжүүлсэн нь тус номын онцлог байв.