Авлигын эсрэг тэмцлийг эрчимжүүлж, зөрчлийг бууруулах нь Засгийн газрын том амбиц, зорилго юм. Тиймээс шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хуулийг батлуулахаар ажиллаж байна. Тус хуулийн нэг онцлог нь шүгэл үлээгчийн гаргасан мэдээллийг холбогдох байгууллага шалгаж, урамшуулах бөгөөд ураамшууллын хэмжээг 100 мянган төгрөгөөс 1.5 тэрбум төгрөг хүртэлх байхаар тогтоосон.
Тэгвэл Хаан банкны салбарын ажилтанд хахууль өгснөө илчилж хууль хяналтын байгууллагад өөрсдөө хандсан хүмүүсийг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөөгүй нь нийгэмд маргаан дагуулаад байна. Тодруулбал, Хаан банкны салбарын ажилтан Т.Ууганбаатар, иргэн Ц.Нямдаваа, Г.Мөнхбаясгалан нарт холбогдох Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан энэ сарын 15-ны өдөр болсон.
Иргэн Ц.Нямдаваа нь Хаан банкнаас бизнесийн эргэлтийн хөрөнгийн зээл 150 сая төгрөг авахдаа өөртөө давуу байдал олгохоор урьдчилан амлаж, 15 сая төгрөгийн хахуулийг банкны ажилтан Т.Ууганбаатарт өгсөн. Энэ хэрэгт түүний нөхөр Г.Мөнхбаясгалан хахууль өгөх гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь нотлох баримтаар тогтоогдсон байна. Тиймээс шүүхээс Т.Ууганбаатарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасч, нэг жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноосон бол Г.Мөнхбаясгалан, Ц.Нямдаваа нарыг нийтийн албанд томилогдох эрхийг мөн хугацаагаар хасч, зорчих эрхийг нь нэг жил хасах ял шийтгэжээ.
Иргэн Ц.Нямдаваа, Г.Мөнхбаясгалан нар хахууль өгснөө илчилж хууль хяналтын байгууллагад өөрсдөө хандсан нь Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болоогүй. Тиймээс энэ талаар Авлигатай тэмцэх газраас тодруулахад ” Банкны ажилтанд хахууль өгсөн иргэдийг шүгэл үлээгч гэж үзэх үндэслэлгүй. Яагаад гэвэл тэд зээл авсныхаа хариуд банкны ажилтанд албан тушаалын байдалтай нь холбогдуулан 15 сая төгрөгийн хахууль өгөхөөр урьдчилан амлаж, хахууль өгсөн, энэ үйлдлээрээ өөртөө илт давуу байдал олгох сэдэл зорилго анхнаасаа агуулсан.Шүгэл үлээгч гэдэг бол нийтийн ашиг сонирхлыг хохироосон, хохироож болзошгүй нөхцөл байдал, үйлдлийн талаар нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор эрх бүхий байгууллагад мэдээлэл өгөх, өргөдөл гомдол гаргах, тайлбар өгч байгаа хүнийг хэлдэг. Дээрх тохиолдолд банкны ажилтнууд зээл гаргахдаа хахууль авч байна, хувь авч байна, үүнийг зогсооё гэж нийтийн эрх ашгийг хамгаалж ярьсных нь төлөө шүүхээр шийтгэсэн зүйл биш. Харин бусдад урьдчилан амлаж хахууль өгч өөрийн хүсэл зорилгыг биелүүлсэн, өөрөө гэмт хэрэг үйлдсэнд нь хариуцлага оногдуулсан асуудал л байгаа юм. Шүгэл үлээгч нь хууль бус явдалтай тэмцдэг, түүний эсрэг дуугардаг, хууль бус явдалд өөрөө оролцдоггүй, оролцох санаа сэдэл агуулдаггүй байх ёстой” гэлээ.