Бэлчээрийн менежмент, малын чанар, эрүүл мэнд болон “Малын тоо толгойн албан татварын тухай” хуулийн хэрэгжилтийн талаар Дундговь аймагт зөвлөгөөн болж байна.
Энэ үеэр ХХААХҮ-ийн Дэд сайд Г.Батсуурь “Улсын хэмжээнд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл 84.2 хувьтай байна. Энэ жил нийт 169.7 мянган малчин өрхөд 67.8 сая мал өвөлжихөөс 19 мянган өрхийн 8.4 сая мал отроор өвөлжиж, хаваржина. УИХ-аас 2020 оны 11-р сарын 13-ны өдөр “Малын тоо толгойн албан татварын тухай” хуулийг баталж, ковидын нөхцөл байдлын улмаас энэ оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болсон. Энэ хууль хэрэгжсэний үр дүнд бий болох хөрөнгийг сум хөгжүүлэх санд төвлөрүүлж Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн 60.2.8-д малын тоо толгойн албан татварын орлогыг мал аж ахуйн салбарт зарцуулахаар тусгасан нь бодлого хэрэгжих боломж бүрдэж байна. Иймд малын тоо толгойн албан татварыг сайтар төвлөрүүлж, мал аж ахуйн салбартаа хөрөнгө оруулалт нэмэгдүүлэхэд анхаарч, хамтран ажиллахыг хүсье” гэсэн юм.
Дундговь аймгийн хувьд бэлчээрийн даац 2-3 дахин хэтэрсэн учир тус аймгийн 15 сумын 150 цэгт хөрс, ус, ургамал, цөлжилт, элсний нүүдлийг багтаасан томоохон хэмжээний судалгаа хийсэн байна. Цаашид энэ судалгааны дүнд үндэслэн дунд, урт хугацааны хөтөлбөр гарган хэрэгжүүлж, бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлээр ажиллах юм байна. Малын тоо толгойн албан татварын хуулийн хэрэгжилтийн үр дүнд бий болсон хөрөнгө эргээд малчдад зарцуулагдах учир малчид татвараа идэвхтэй төлж байгааг тус аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхжаргал хэлсэн юм.