Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн байранд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв” өнөөдрөөс үйл ажиллагаа явуулж эхэллээ. Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс “HOLT” олон улсын хүүхдийн байгууллагатай хамтран дүүргийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр тус төвийг байгууллаа.
Нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, “HOLT” олон улсын хүүхдийн байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын Нийгмийн үйлчилгээний ерөнхий зохицуулагч Н.Цэнгэл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Э.Энхтуул болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн төлөөлөл оролцлоо. Нээлтийн үйл ажиллагааны үеэр дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай тус төвийг хариуцсан мэргэжилтэнд хүүхдийн хөдөлгөөн засах хэрэгслийг гардуулав.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үйлчлэх төв Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийг түшиглэн бий болсноор Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг 994 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний эцэг, эх асран хамгаалагчдыг чиглүүлэх, мэдээллээр хангах, төрийн үйлчилгээг тав тухтай орчинд түргэн шуурхай чанартай хүргэх, хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх таатай орчин бүрдэж байна.