Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал нар ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг болон Орхоны хөндий дэх Монгол-Германы хамтарсан археологийн судалгааны багийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжсэн “Монгол-Германы Хархорум экспедиц”-ийн 20 жилийн судалгааны үр дүн болох гурван хэлээр бичигдсэн “Хархорум” номыг хүлээлгэн өгөв.
ЮНЕСКО-ийн хүн төрөлхтний Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Орхоны хөндий дэх хамтарсан археологийн судалгаа нь ХБНГУ-ын Ерөнхийлөгч Роман Херцогийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр эхэлсэн бөгөөд 2020 онд тус судалгааны 20 жилийн ой тохиосон юм. Ойг тохиолдуулан эрдэм шинжилгээний хамтын ажлын үр дүн, ололт, амжилтыг олон нийтийн хүртээл болгох зорилгоор “Хархорум” номыг бүтээжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Одбаяр өндөр ач холбогдол бүхий тус төслийг хэрэгжүүлсэн судалгааны багт баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн талархлыг уламжиллаа.
Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Лодойравсал 20 жил үргэлжилсэн археологийн судалгааны үр дүн олон нийтэд нээлттэй болсноор цаашид энэ чиглэлээр хийх эрдэм шинжилгээний ажилд үнэтэй судлагдахуун болж, шинжлэх ухааны эргэлтэд орж байгааг онцлов.
ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг Герман-Монголын шинжлэх ухааны хамтын ажиллагааны цөм болсон тус төслийг 2000 оноос хойш хоёр улсын Ерөнхийлөгч ивээлдээ авсан нь тус судалгааны онцгой ач холбогдлыг тодотгож байгааг тэмдэглэлээ.
Уулзалтад номын зохиогч, төслийн Герман талын удирдагч, ХБНГУ-ын Археологийн хүрээлэнгийн доктор Кристина Франкен, доктор Хэндрик Роланд, МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Археологи, антропологийн тэнхимийн эрхлэгч, доктор У.Эрдэнэбат, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн судлаач, доктор Т.Батбаяр, судлаач, доктор Х.Ариунчимэг, ХБНГУ-ын ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Михаэл Россбах нар оролцов.