Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө.
-Халдварын тохиолдол сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд эрчимтэй буурч байна. Орон нутагт ч мөн буурч буй үзүүлэлт мөн ажиглагдсан. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 9795 хүн хэвтэн эмчлүүлж байна. Нийт халдварын тохиолдлын тоо 640 мянга, нас барсан хүний 1826-д хүрсэн. Өвчлөлийн тоо буурсан нь вакцинжуулалттай холбоотой. Бүүстэр тунд зорилтот бүлгийн 26 хувийг хамруулаад байна.
Дельта хувилбарын тархалт буурч байна. Дэлхийн бусад орнуудад дөрөв дэх давлагаа үүссэн. Вакцинжуулалтын хоёр дах тунд нийт хүн амын 65.5 хувь хамрагдсан. Гурав дах тунд 523 мянган хүн хамрагдсан байна. Гурав дахь тун хийж буй цөөн улсын нэг нь Монгол Улс. Баян-Өлгий аймгийн идэвх сул байна. Архангай, Дорноговь аймгуудад бүүстэр тунгийн хамрагдалт 20-30 хувьтай байна.
Бүүстэр тунд хамрагдсанаар дараагийн мутацилагдсан хувилбараас сэргийлэх бүрэн боломжтой. Цаашид халдвар ямар хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй
Арваннэгдүгээр сарын 1-нээс урлаг спортын арга хэмжээг сэргээсэн. Ингэхдээ бүүстэр тунг хийлгээгүй бол түргэвчилсэн шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байгаа. Төрийн албан хаагчаас бусад нь цомхон хүрээнд шинэ жил тэмдэглэж болно. Хамгийн гол нь бүүстэр тунг 50 хувьд хүргэх ёстой.
Мөн Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяанд есөн дүүргийн эмнэлэг болон гурван амаржих газар байдаг. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар амаржих газруудыг нь Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлэх шийдвэр гаргалаа.