Монгол Улсын Соёлын Яамнаас зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Монголын арьсан урлагийн “ХҮРЭЛ БУГА” нийгэмлэг, Монголын Шувуулахуй холбоо хамтран “Шувуучлахуй” хамтарсан үзэсгэлэн энэ сарын 18-нд нээлтээ хийнэ. Үзэсгэлэнд 20-иод уран бүтээлчийн 50 гаруй арьсан хөөмөл ханын зураг, арьсан сүлжмэл зангилаан аргаар хийсэн баримал, шувуудыг чихмэл аргаар бүтээсэн баримал мөн олон төрлийн материал ашиглаж махчин шувуудын өвөрмөц донжийг гарган хийгдсэн барималууд байх ба Монголын Шувуулахуй холбооны үзүүлбэрийг үзэх боломжтой.
Тус үзэсгэлэнгийн зорилго нь соёлын биет бус өвийг урлагаар дамжуулан сурталчлан, уран бүтээлийн инноваци хийж таниулах, монголын арьсан урлагийн уламжлалт арга биет бус өвийг хослуулан дэлгэрүүлэх зорилгыг агуулж байна.
Манай улс 2003 онд Дэлхийн биет бус өвийн конвенцид нэгдсэн бөгөөд махчин шувуугаар ан хийдэг түүхэн уламжлалаа сэргээн хөгжүүлэх, хамгаалах, түүний ач холбогдлыг олон нийтэд сурталчлах зорилгоор 2010 оны 11 сарын 16-ны өдөр бусад 11 орны хамт “Шувуучлахуй буюу бүргэдээр ан хийх зан үйл”-ийг Дэлхийн биет бус өвд бүртгүүлж, түүнийхээ үүргийн дагуу энэ соёлыг хамгаалах, түмэн олонд дэлгэрүүлж, дэмжиж ажиллах үүрэг хүлээсэн байдаг. Иймд Олон улсын шувуулахуйн холбооноос жил бүрийн 11 сарын 16-ыг “Олон улсын шувуулахуйн өдөр” хэмээн зарлаж дэлхий даяар тэмдэглэх болсон. Дээрх конвенцид “Биет бус соёлын өв болон түүнийг хамгаалахыг, ялангуяа залуу үеийнхэнд гүнзгий ойлгуулан ухамсарлуулахын зайлшгүй чухлыг харгалзах ёстой гэж” тусгайлан заасан байдаг.
Монгол Улсын Засгийн газраас 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 63 дугаар хуралдаанаар Идлэг шонхор шувууг Үндэсний бахархалт шувуу болгох тухай 101 дүгээр тогтоолыг баталсан байдаг.
Монголын эзэнт гүрний үед энэ арга ихээхэн дэлгэрсэн байсан тухай түүхэн сурвалжуудад тэмдэглэсэн байна. Уран бүтээлчид Монголын шувуулахуй холбоотой хамтран бүтээлийн агуулга, судалгааны явцад хамтын үйл ажиллагаа хийж, харилцан туршлага солилцон зөвлөгөө авсны үр дүнд бүтээлүүд төрсөн ажээ.
Монголчууд түүхийн бүхий л үе шатандаа мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг уламжлалт технологиор боловсруулан өөрийн хэрэгцээг хангаж эд ахуйн зүйлээ урлан бүтээж ирсэн баялаг түүхтэй ард түмэн юм.
Энэхүү арга хэмжээний үргэлжлэл болгон 2021.11.23-ны 11 цагт Олон улсын шувуулахуйн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд бага хурал Монгол Арт Галерейд болно.
Холбогдох утас: 77198080, 89110244