Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас салбарын цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өгсөн. Энэ үеэр өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдсан талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ,
“Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор Засгийн газрын 221-р тогтоол гарсан. Үүнтэй холбоотойгоор Шадар сайд, ХХААХҮ-ийн сайдын хамтарсан албан даалгавар гарсан. Энэ хүрээнд аймаг, орон нутгийн Засаг дарга нартай хоёр удаагийн цахим уулзалт хийж үүрэг даалгавар өгсөн. Мөн өвөлжилтийн эрсдэлийг тодорхойлох, үнэлэх ажлын хэсгийг гаргаж, 21 аймагт өвөлжилтийн эрсдлийн үнэлгээ хийлээ. Энэ жил өвөлжилт дундаас дээгүүр түвшинд байх нь гэсэн таатай дүр зураг харагдаж байна. Гэхдээ үүнд бид тайвшираад байх хэрэггүй. Цаг агаарын үзэгдэл гэнэтийн бөгөөд тааварлашгүй. Тэгэхээр эрсдэлд бэлэн байхын тулд өвөлжилтийн бэлтгэл хангагдсан.
Энэ зун Монгол Улсын хэмжээнд хур чийг ихтэй сайхан зун болсон ч хэрвээ огцом хүйтэрч, цас орох юм бол газар эрт хөлдөх, хэвтэргүйтэх зэрэг эрсдэлтэй байна. Өвс тэжээлийн бэлтгэл малчдын түвшинд 92 хувийн гүйцэтгэлтэй, аймаг, нийслэл, сум дүүргийн тэжээлийн аюулгүйн нөөцийг 65.4 хувь хангасан байна. Энэ тоо 11 сардаа багтад зорилтот хэмжээндээ хүрнэ. Худаг ус, хашааны бэлэн байдлыг хангасан. Нийт 19 мянган өрхийн 8.4 сая мал зургаан отрын бүсэд хуваагдаж өвөлжих зохион байгуулалтын ажлууд бүрэн хангагдсан байна. Аймгуудын шилжилт, нүүлтийг мал эмнэлгийн хяналтад хийж байна” гэлээ.