УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Бүлгийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн ч ямар нэгэн шийдвэр гаргаагүй гэж бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн мэдэгдэв.
УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийг УИХ хэлэлцэж байгаа. Хуулийн төсөл нийтийн анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулж байгаа учраас намын бүлгийн хурлаар хэлэлцэж нэгдсэн шийдэлд хүрэх нь зүйтэй хэмээн үзэж УИХ-ын нэгдсэн чуулганаас завсарлага авчээ.
Энэ хуулийн төсөлд Жолоочийн хариуцлагын даатгалын санг төрд авах, тус сангаас хохирогчдод олгох нөхөн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг тусгасан байсан юм. Энэ хууль хэрэгжээд 10 гаруй жил болсон. Нэгэнт хувийн хэвшлийн явуулж байгаа ажлыг төрд авах хэлбэрээр асуудалд хандаж болохгүй гэж үзсэн учраас бүлгийн гишүүдийн олонх хэлэлцэх эсэхийг дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаа аж.