Бээжингийн эрх баригчид коронавирусын халдвар тархах аюулаас урьдчилан сэргийлсээр байгаа тул хилийн чанадаас ирж байгаа гадаадын иргэдийг нийслэл Бээжинд зочлохгүй байх уриалгыг гаргасан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.
Энэ уриалга нь Хятадын хилийн боомт байрладаг хотуудын оршин суугчид болон сүүлийн хоёр долоо хоногт эдгээр суурин газруудаар зорчсон Хятадын бусад бүс нутгийн оршин суугчдад мөн хамааралтай юм байна.
Яаралтай асуудлаар Бээжинд ирэхээс өөр аргагүйд хүрсэн хүн бүр 48 цагийн өмнө хийсэн COVID-19 шинжилгээний сөрөг хариу авсан байх ёстой аж.
Шинээр гарсан уриалгатай холбогдуулан өөр ямар нэгэн тодорхой арга хэмжээ авах эсэх талаар хэвлэлүүд мэдээлээгүй байна.
Аравдугаар сарын дунд үеэс хойш Хятадын эх газарт коронавирусын 1.2 мянга гаруй тохиолдол илэрсэн байна. Тэдний нэлээд хэсэг нь зүүн хойд болон хойд талаараа Орос, Монголтой хиллэдэг суурин газруудад ногдож байгаа аж.
Одоогийн байдлаар халдварын тархалтын голомт нь Далянь боомт хот (зүүн хойд Ляонин муж) болж байна. Тус мужид 11-р сарын 9-нөөс хойш халдварын тоо нэмэгдсээр байгаа бөгөөд өнгөрсөн Бямба гаригт 60 тохиолдол илэрсэн гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хороо мэдэгджээ.
Эх сурвалж: INTERFAX