УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн асуудлаар Нийтийн сонсгол хийх тухай No Double Standard хөдөлгөөний санаачилгыг дэмжин гарын үсэг зурлаа.
Тэрбээр “Тайван жагсаал, цуглаан хийх эрх нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын факт болон Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрх билээ.
Цар тахлын үед жагсаал цуглааныг хязгаарлах, үндэслэл зарчмуудыг олон улсын эрх зүй болон Монгол Улсын хууль тогтоомжоор тогтоосон байгаа. Гэвч сүүлийн үед үндэслэлгүйгээр иргэдийн тайван жагсаал цуглаан хийх эрхийг хязгаарлах, эрхийг нь зөрчих тохиолдлууд гарч байна.
Мөн Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар “Жагсаал цуглаан хийх мэдэгдэл хүлээн авсан Засаг дарга нь хориглогдсон үндэслэл байгаа тохиолдолд татгалзсан шийдвэр гаргана” гэж заасан байгаа. Тэгэхээр жагсаал цуглаан хийхийг зөвшөөрөх эсэх шийдвэрийг Засаг дарга гаргаад байгаа юм. Гэтэл Засаг дарга тухайн жагсаал цуглаан хийх иргэдийн мэдэгдлийг авч үзээд улс төрийн болон бусад шалтгааны улмаас тухайн үед алагчилсан шийдвэр гаргах тохиолдол байдаг.
Мөн урьдчилан зар тараагаагүй, аяндаа үүссэн цуглаанд санамсаргүй байдлаар оролцсон, сүүлд нэгдсэн иргэдэд эрүүгийн болон захиргааны шийтгэл оногдуулах, албадан тараахдаа тодорхой хууль, журмыг зөрчих тохиолдлууд түгээмэл гарч байна” гэжээ.