НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганаар 2021 оныг “Тогтвортой хөгжлийн төлөөх бүтээлч эдийн засгийн олон улсын жил” хэмээн зарласан хэдий ч энэ хугацаанд аюулт өвчний улмаас бүтээлч үйлдвэрлэлийн салбар бүхэлдээ зогсонги байдалд орсон. Дэлхий даяар цар тахлын дараах хэвийн амьдралын дүрмийг баримталж, эдийн засгаа сэргээхээр зүтгэж буй энэ үетэй хөл нийлүүлэн Монгол Улс соёлын салбараа сэргээх, бүтээлч эдийн засгийг хөгжүүлэх, баялаг бүтээх, эдийн засгийн тэргүүлэх салбар болох, дэлхийд өрсөлдөх боломжийг бий болгохоор зорьж, Монгол Улсын Соёлын яамнаас энэ сарыг “Соёлын бүтээлч сар” болгон зарласан юм.
Энэ аяны хүрээнд 11-р сарын турш Монгол кино, Монгол анимейшн бүтээлийг дэмжих “Анимейшн төсөл шалгаруулах уралдаан”, “Кино ба бизнес” форум, “Үндэсний кино бүтээл нийлүүлэлтийг телевиз, радио, цахим орчинд нэмэгдүүлэх” судалгааны хэлэлцүүлэг зэрэг кино салбарын олон арга хэмжээнүүд болох юм.
Соёлын бүтээлч сарын хүрээнд бүтээлч үйлдвэрлэлийн үр шимийг таниулах, сурталчлах, төрийн дунд болон урт хугацааны бодлогын баримт бичгүүдэд соёлын бодлогыг тусгах, өв соёлоо хүүхэд, залууст таниулах, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, олон нийтэд зориулсан төрөл бүрийн урлагийн арга хэмжээнүүдийг төлөвлөжээ. Мөн сарын төгсгөлд салбарын төлөөллүүдийг хамруулсан Соёлын форумыг зохион байгуулах юм байна.