Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хүрээнд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 46 саналын томьёоллоор үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Хөрөнгө завшсан этгээдүүдийн мэдээллийг хувийн захидал харилцааны нууцаас ил болгож байна. Ерөнхий сайдаас эхлээд Засгийн газарт ажиллаж байсан нөлөө бүхий этгээдүүд ял авсан. Шинэ хуулиар энэ эх сурвалжийг ашиглаж болохгүй гэж ойлгож болох уу? Дуу, дүрсний бичлэгийн систем гэж 27 дугаар зүйл бий. Гэхдээ үүнд ердийн бус нөхцөл байдал үүснэ. Алслагдсан бүс нутаг, цэргийн анги байгууллага, банк, даатгалын компанид гэмт хэрэг зөрчил, иргэдийн амь бие хохирох зөрчил гарвал яаж зохицуулах вэ?” гэдгийг тодруулав.
УИХ-ын гишүүн Н.Учрал “Нийтийн мэдээллийн тухай хуулийг мөн хэлэлцэж байгаа. Тус хуулиар төрийн байгууллагуудын таван багц 67 мэдээллийг нээлттэй болгож байгаа. Энэхүү мэдээллийг боловсруулж ашиглах нээлттэй. Хаалттай мэдээллийг боловсруулж ашиглах нь хориотой. Сэтгүүлзүйн зорилгоор эсвэл нийтийн ашиг сонирхлын үүднээс мэдээллийг цуглуулж ашиглахдаа эзнээс нь зөвшөөрөл авахгүй байж болно. Харин сэтгүүл зүйн зорилгоор хүний эрүүл мэнд, захидал харилцаа, бэлгийн чиг баримжааны талаарх мэдээллийг зөвшөөрөлгүйгээр ашиглахыг хориглоно. Энэ нь хүний эмзэг мэдээлэлд хамаарна” гэлээ.