Ч.ҮЛ-ОЛДОХ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод’’ үндэсний хөдөлгөөний хүрээнд ‘’Ойн салбарын үндэсний чуулган’’ зохион байгуулагдаж байгаа бөгөөд салбар хуралдаанууд үргэлжилж байна. Ойн салбарынхан энэ өдрүүдэд
-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, арга зам”,
-“Байгаль орчин, ойн салбарын олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь”,
-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд ойжуулалт, мод үржүүлгийн байгууллагуудын оролцоо”,
-“Үр тарьц, суулгацын нөөц бүрдүүлэхэд тулгамдаж байгаа асуудал, шийдэл”,
-“Ойн салбарын хөгжилд төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоо”,
-“Ойн тогтвортой менежмент-Ойн салбарын хөгжлийн түлхүүр” гэсэн сэдвийг хэлэлцүүлж байгаа юм. Оролцогчдын хэлсэн онцлох эшлэлүүдээс хүргэж байна.
Н.Уртнасан /БОАЖ-ын сайд/: Монгол Улс ойн нөөцөө шинээр авч үзэж байна
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй холбогдуулан Засгийн газраас ногоон хөгжлийн үзэл баримтлал, экосистемийн тулгуур хүчин зүйл болсон ойн нөөцийн бодлогыг цоо шинээр авч үзэж байна. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 2024 онд 8.6 хувьд хүргэж, мод тарьж ногоон хөгжилд хувь нэмэр оруулсан иргэд, аж ахуйн нэгжид мөнгөн урамшуулал олгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлээд байна.
Я.Содбаатар /ЕТГ-ын дарга/: Зөвхөн манай улс бус хүн төрөлхтөн том зорилт дэвшүүлсэн
-Мод тарих үндэсний хөдөлгөөн нь зөвхөн монголчуудын бус хүн төрөлхтний дэвшүүлж байгаа том зорилт юм. Ганц манай улс ийм зорилт дэвшүүлсэн юм биш. Гадаад, дотоодын арвин туршлага байна. АНУ-ын шинэ ерөнхийлөгч Ж.Байденийн Засгийн газар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Төрийн нарийн бичгийн даргын орлогч гаргаж, манайхаар бол яам шиг бүтэц бий болгосон байна лээ. Конгресс нь томоохон зорилт дэвшүүлж, том дүнтэй төсөл өргөн бариад байгаа юм байна. Конгрессийн гишүүд нь нэгдээд ирэх 10 жилд хүн төрөлхтөн нэг их наяд мод тарина гэсэн зорилт дэвшүүлжээ.
Э.Сансарбаяр /БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга/: Монгол Улс 2030 он гэхэд 600 мянган га газрыг ойжуулна
-Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 1.8 сая га талбай бүхий ойн сан доройтолд орсон бөгөөд үүний 1.5 сая га нь байгалийн сэргэн ургах чадвараараа ургаж, 300 мянган га талбайг зориудаар ойжуулах шаардлага тулгарч байна. Ойн доройтол Хэнтий, Завхан, Дорнод аймагт хамгийн эрчимтэй явагдаж ирсэн. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он гэхэд Монгол Улс 600 мянган га газрыг ойжуулна. Энэ нь нийт нутаг дэвсгэрийн 0.38 хувийг эзлэх юм.
Ц.Банзрагч /Байгаль орчны гавьяат ажилтан, доктор/: Монгол Улсын нэгдэж орсон конвенциудыг нэг зэрэг биелүүлнэ
-Бид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлснээр даян дэлхийн глобал асуудал гэж нэрлэгддэг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, биологийн олон янз байдлын Монгол Улсын нэгдэж орсон конвенцийн үүргийг нэгэн зэрэг биелүүлэх боломжийг олгож буй санаачилга юм. Бид туршлагатай, Тужийн нарсыг 13 мянган га ойжуулж чадсан.
Одоо тал хээрийг ойжуулах оролдого хийж, Төв аймгийн Лүн, Булган аймгийн Дашинчилэнгийн чиглэлд хээрийг ойжуулах загварыг бий болгосон. Өмнөговь аймагт 1500 га газар баян заг тарьсан гэх мэт туршлага бий. Сайн туршлагаас гадна бид сургамжаа бас ярих ёстой.
А.Энхбат /БОАЖЯ-ны уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга/: Ойн санг нэмэгдүүлснээр хүлэмжийн хийг бууруулна
-Энэ өдрүүдэд Шотланд улсын Глазгоу хотод дэлхийн улс орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх талуудын бага хурал болж байгаа. Энэ хүрээнд дэлхийн удирдагчдын уулзалтыг зохион байгуулсан. Энэ уулзалтад Төрийн тэргүүн оролцож Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх ажил, цөлжилтийн асуудлаар санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийг хэрэгжүүлэх тодорхой саналуудаа хэлсэн. Улс орнууд ойн асуудалд анхаарал хандуулж байна. Парисын хэлэлцээрээр улс орнууд хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх зорилт дэвшүүлээд байгаа. Хэрэгжүүлэх хамгийн үр дүнтэй арга нь ойн сангаа нэмэгдүүлэх юм.