УИХ-ын гишүүн С.Батболд Говьсүмбэр, Дундговь аймгийн нийт сумдын эрүүл мэндийн төвүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзав. Тэрээр уулзалтын үеэр Covid-19 цар тахлын амаргүй нөхцөлд хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсож буй эмч, эмнэлгийн ажилтнууддаа талархал илэрхийлээд орон нутгийн эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж, материаллаг бааз, эмнэлгийн ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн хангамжийг сайжруулах чиглэлээр анхаарч ажиллаж буйгаа онцлов.
Мөн тэрээр өөрийн санаачлан байгуулсан “Сүхбаатарын Батболд” сангаас тогтмол хэрэгжүүлдэг сайн үйлсийн аяны хүрээнд тус сангийн санхүүжилтээр Говьсүмбэр, Дундговь аймгийн нийт сумдын эрүүл мэндийн төвүүдэд Covid-19 цар тахалтай тэмцэхэд нэн шаардлагатай хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратыг өнөөдөр гардуулан өгөв. Энэхүү аппарат нь нэг бүр нь 10 гаруй мянган долларын үнэтэй бөгөөд нийт 700 гаруй сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжөөр сумдын эрүүл мэндийн төвүүдэд хөрөнгө оруулж буй хэрэг аж.
“Сүхбаатарын Батболд” сан нь нийгмийн сайн сайхан, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр голчлон үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Говьсүмбэр, Дундговь аймгуудын эрүүл мэндийн төвүүдэд иж бүрэн тоноглосон түргэн тусламжийн автомашин, эмнэлгийн халдвар хамгааллын өмсгөл, өвөлжилт хүндэрсэн сумдад 300 гаруй сая төгрөгийн малын тэжээл, малчдад хэрэгцээт барааг хандивлах зэргээр тогтмол үйл ажиллагаа явуулж, аймаг орноо дэмждаг юм байна.
Б.Энх-Орших