УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав.
Нийтийн мэдээллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Учрал ахлан ажилласан бөгөөд Ажлын хэсэг Тагнуулын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний дата төвийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцжээ.
Ажлын хэсэг хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай нийцүүлэх, хуулийн төслийн уялдааг хангах, нэр томьёо, хэл найруулга, агуулга, бүтцийн шинжтэй зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэн хуралдаанаараа нэг бүрчлэн хэлэлцэж, олонхын саналаар дэмжигдсэн саналуудыг Байнгын хорооны хуралдаанд танилцуулж байгаагаа Ажлын хэсгийн ахлагч Н.Учрал танилцуулсан юм. Үүнд:
Нийтийн мэдээлэл хариуцагч нь өөрт байгаа мэдээллийг хүн хуулийн этгээдээс шаардахгүй байх талаар хуулийн төслийн зарчимд нэмж тусгахаар;
Мэдээлэл хариуцагчийн зардлаар суралцагчийн суралцаж байгаа улс, сургуулийн нэр, мэргэжил, суралцах хугацаа, мэдээлэл хариуцагчаас санхүүжүүлсэн сургалтын зардлаас гадна “гэрээний хэрэгжилт”-ийг байнга, нээлттэй, ил тод байлгахаар;
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийн дагуу маргаан хянан шийдвэрлэсэн ажиллагааны дүн мэдээг Үндсэн хуулийн цэц хариуцаж байнга, ил тод, нээлттэй байлгахаар;
Мэдээлэл хариуцагчаас бусад хуулийн этгээд нь иргэнд үйлчилгээ үзүүлэхдээ үндсэн болон дэмжих системийг ашиглаж болох бөгөөд энэ тохиолдолд Засгийн газраас баталсан аргачлалын дагуу зардал төлөхөөр;
Засгийн газрын бүтцийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтэй нийцүүлэн Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болгох саналуудыг танилцуулсан юм.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Нийтийн мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилаад хязгаарлалттай мэдээллийг олж авахад заавал мэдээлэл хариуцагчаас зөвшөөрөл авахаар тусгажээ. Хязгаарлалттай мэдээллийг ямар үндэслэлээр төсөлд оруулсан бэ хэмээн тодруулсан.
Ажлын хэсгээс тайлбарласнаар, хязгаарлалттай мэдээлэлд тухайн иргэний зөвшөөрлөөр өгөх мэдээллийг хамруулж байгаа бөгөөд эрх бүхий албан тушаалтан хандахад нээлттэй юм байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцын мэдээллийг хуульд заасан хязгаарын хүрээнд олон нийтэд хүргэх шаардлагатай болдог гэдгийг Ажлын хэсгээс тодотгосон. Түүнчлэн төрийн хяналт шалгалтын явцад мэдээллийг бүгдийг нь ил болгохгүй бөгөөд аливаа шалгалт дуусаагүй байхад тухайн шалгуулж байгаа байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй учир ийнхүү хязгаарласан хэмээсэн. Мөн хосгүй үнэт бүтээлүүдтэй холбоотой мэдээлэл хязгаартай байх учиртай гэсэн хариулт өгсөн юм.
Түүнчлэн нийтийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгох, түүнийг ямар тохиолдолд үнэ төлбөртэйгөөр ашиглуулах асуудлыг гишүүд хөндөж байлаа.
Ажлын хэсгээс, хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр, тэдгээрийн эрэлт, хэрэгцээг харгалзан эдийн засаг, бизнесийг дэмжих, судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх, мэдээллийн ил тод байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй, хязгаарлалттай болон хаалттай мэдээллийн хүн, хуулийн этгээд, төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг тодорхойлох боломжгүй болгон боловсруулж нээлттэй өгөгдөл болгож болно хэмээн хуулийн төсөлд тусгасан гэсэн тайлбар өгсөн.
Нээлттэй өгөгдлийг мэдээлэл хариуцагч өөрийн цахим хуудас болон төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн системд нийтлэх бөгөөд төлбөргүйгээр ашиглуулж болох аж. Гэхдээ нээлттэй өгөгдлийг нийтлэхээс өмнө авах хүсэлт гаргасан бол мэдээлэл хариуцагч нээлттэй өгөгдлийг төлбөртэйгөөр өгч болно гэж төсөлд тусгасан гэсэн хариулт өгсөн юм.
Хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсоноор энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.