Энэ оны эхний арван сарын гадаад худалдааны талаарх мэдээллийг Гаалийн ерөнхий газраас танилцууллаа.
2021 оны эхний арван сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 13 тэрбум ам.доллар болж 2020 оны мөн үеэс 2.7 тэрбум ам.доллароор буюу 26.3 хувиар өсжээ.
Тодруулбал, экспортын дүн импортын дүнгээс 1.8 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.
Манай улс экспортод 7.5 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25.7 хувиар өссөн үзүүлэлт болсонаж.
Экспортод нийлүүлсэн барааны 99.4 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна.
Экспортын барааны нийт дүнд эзлэх байдал:
- Эрдэс бүтээгдэхүүн 6,309 сая ам.доллар буюу 83.9%
- Ургамлын гаралтай бүтээгдэхүүн 88.6 сая ам. доллар буюу 1.2%
- Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс 632.9 сая ам. доллар буюу 8.4%
- Хүнсний бэлэн бүтээгдэхүүн 46.5 сая ам.доллар буюу 0.6%
- Нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 274.5 сая ам.доллар буюу 3.6%-ийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 97.7%-ийг эзэлж байна.
Оны эхний арван сард экспортолсон барааны тухайд:
- Экспортолсон боловсруулаагүй нефть, төмрийн хүдэр, зэсийн баяжмал болон цайрын баяжмалыг 100 хувь, чулуун нүүрсний 94 хувийг БНХАУ-д;
- Жоншны 75 хувийг БНХАУ-д, 24.8 хувийг ОХУ-д;
- Үхэр, адууны боловсруулаагүй ширний ихэнх хувийг БНХАУ-д;
- Үхэр, адууны боловсруулсан ширний 84 хувийг Италид, самнасан ноолуурын 70 хувийг Италид, 12.7 хувийг Их Британид;
- Ямааны угаасан ноолуурыг 100 хувь БНХАУ-д, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 20.5 хувийг БНСУ-д, 79.5 хувийг Швейцарт тус тус экспортолжээ.
Ингэснээр дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 88.2 хувийг эзэлж байгаа юм.
- БНХАУ-д 86.3 хувь,
- Швейцарт 6.7 хувь,
- БНСУ-д 2.4 хувь,
- Сингапурт 1.8 хувь тус тус ногдож нийт экспортын 97.2 хувийг дээрх орнууд эзэлж буй.