Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжсэн өнгөрсөн дөрвөн жилийн биелэлтэд Үндэсний аудитын газраас аудит хийж Агаарын тухай хуулийн дагуу хэрэгжүүлсэн Гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам зорилтот бүлэгтээ 100% хүрч хэрэгжээгүйг тогтоожээ.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны жилийн эцсийн санхүүгийн тайланд 2017-2020 онд хуримтлагдсан 7,319.4 сая төгрөгийн уг өр төлбөрийг тайлагнаагүй байна.
Түүнчлэн дараах дүгнэлтүүдийг ҮАГ тайлагнажээ.
- Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхөд 2017-2020 онд нийт 35.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлт олгохоос гүйцэтгэлээр 47.7 тэрбум төгрөг олгохоор тооцоолж, 12.2 тэрбум төгрөгөөр илүү тооцоолсон байна.
- Гэр хорооллын айл өрхийн 31.5 мянга буюу 23% нь цахилгаанаар халаалтаа шийдсэн бол 105.6 мянга буюу 77 хувь нь цахилгаан халаагуургүй байна.
- Нийт хөнгөлөлтөд хамрагдсан цахилгааны хэрэглээний 55 хувийг нь цахилгаан халаагууртай буюу тарифын хөнгөлөлтөд хамрагдах шаардлагатай айл өрхийн цахилгааны хэрэглээ, 45 хувийг нь цахилгаан халаагуургүй буюу цахилгааны тарифын хөнгөлөлтөд хамрагдах шаардлагагүй айл өрхийн цахилгааны хэрэглээ эзэлжээ.
- Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх 9 төвийн хэмжээнд хамгийн өндөр хэрэглээтэй айл өрхийн жагсаалтыг гаргаж, газар дээр нь шалгахад 3-5 давхар амины орон сууц, хотхоны хэрэглээ гарсан бөгөөд эдгээр хэрэглэгчид сард дунджаар 81,560.4 кВт.ц хэрэглэсэн байна. Тухайлбал, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани нь 2015 онд Хан-Уул дүүргийн Жаргалантын аманд дунджаар 105 м2 талбайтай, 2 давхар орон сууц бүхий 100 айлын ажиллагсдын орон сууц барьсан бөгөөд халаалт, хэрэгцээний халуун усны халаалтыг цахилгаан бойлероор шийджээ. Энэхүү Жаргалант Эко хотхоноос байнгын оршин суудаг 89 айлын цахилгааны хэрэглээг шүүж үзэхэд хамгийн өндөр хэрэглээтэй нэг айл л гэхэд хүйтний улирлын нэг сард 3,600 кВт.ц цахилгаан хэрэглэж, цахилгааны төлбөрт 622 мянган төгрөг төлж, үүнээс 200 мянган төгрөгийн хөнгөлөлтийг эдэлжээ.
- Өндөр хэрэглээтэй айл өрхүүд нь ихэвчлэн Дархан цаазат Богд хан уулын аманд баригдсан амины орон сууц, орон сууцны хотхон, Ар гүнт, Гачуурт, Шарын ам, Баянголын амны зуслангийн хэрэглэгчид байна.
- Цахилгааны хэт өндөр хэрэглээтэй нийт 2,715 хэрэглэгч нь хөнгөлөлтөд хамруулсан цэгийн 2%-ийг эзэлж байгаа нь цахилгааны хэрэглээний 19.6 хувийг эзэлжээ.
- Аудитын явцад иргэдээс авсан санал асуулгын дүнгээс харахад “Та цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдсанаар гэр, байшингийн дулааны асуудлаа цахилгааны эх үүсвэрээр шийдэж чадсан уу” гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 69.2% нь “Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт дулааны асуудлыг шийдэж чадаагүй” гэсэн ба 41.8 хувь нь “шаардлагагүй”, 22.7 хувь нь “цахилгааны хүчдэл хүрэлцдэггүй” гэж хариулжээ.
Ажлын хэсгийн дүгнэлт болон санал асуулгын дүнгээс үзэхэд агаарын чанарын бүсэд хамаарах гэр хорооллын зорилтот айл өрхүүд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлтийг эдлээгүй байх магадлал өндөр байна хэмээн ҮАГ дүгнэсэн байна.