Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 8-15-ны хооронд Ойн үндэсний чуулган хуралдана. Өнөөдөр эхэлсэн тус чуулганы хуралдаан дээр  БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Сансарбаяр  Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар эхлүүлсэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний төлөвлөлтийг танилцууллаа.

Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 1.8 сая га талбай бүхий ой доройтолд орсон бөгөөд үүний 1.5 сая га нь байгалийн сэргэн ургах чадвараараа ургаж, 300 мянган га талбайг зориудаар ойжуулах шаардлага тулгарч байгаа аж. Ойн доройтол Хэнтий, Завхан, Дорнод аймагт хамгийн эрчимтэй явагдаж байгаа бөгөөд Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь монголчуудын төдийгүй бүс нутаг, олон улсын хэмжээний хөдөлгөөн болж өрнөөд байгаа юм.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он гэхэд Монгол Улс 600 мянган га газрыг ойжуулах бөгөөд энэ нь нийт нутаг дэвсгэрийн 0.38 хувийг эзлэх юм байна.

Ойжуулалт хангайн бүсэд:

Нийт ойжуулалтын 76.5 хувийг хангайн бүсэд тарина. Энэ нь хангайн бүсийн 306.2 га газрыг хамрах бөгөөд нийтдээ 765.4 сая мод тарина. Мөн ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажил давхар хийгдэх юм байна.

Ойжуулалт говийн бүсэд: 

Говийн бүс нутагт нийт ойжуулалтын 23.4 хувь нь хэрэгжинэ. Энэ нь 293.2 мянган га талбайд 234.6 сая мод тарихаар төлөвлөжээ.

Энэ мөнд хамгаалалтын ойн зурвас байгуулах, бэлчээрийн талхлагдалтад өртсөн газрыг нөхөн сэргээх, булаг шандны эхийг хашиж хамгаалах зэрэг ажлын зардлууд багтаж байгаа юм байна.

Ойжуулалтын ажилд:

-21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар,

-43 сум болон сум дундын Ойн ангийн үндсэн болон гэрээт 250 орчим албан хаагч,

-Ойн 1342 нөхөрлөл,

-Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн чиглэлийн 320 ойн мэргэжлийн байгууллагууд оролцоно.

Ойжуулалтын төсөв:

Жил бүр ДНБ-ний 1 хувиас багагүй хувийг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд зарцуулахаар БОАЖЯ шийдвэрлэж байгаа юм байна.

Жил бүрийн ойжуулалтын зардал:

-Улсын төсвөөс 30 хувь,

-Олон улсын байгууллага, түнш орнуудаас 19 хувийг,

-ТӨК, хувийн хэвшлээс 46 хувь,

-Иргэд олон нийтээс 5 хувийг бүрдүүлнэ гэж тооцож байгаа юм.

Эх сурвалж: БОАЖЯ

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн