Өнгөрсөн баасан гарагт “Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаан болох эсэх нь нэлээд үл ойлголцолтой байсан. МҮБХ эхлээд мэдэгдэл гарган, барилдааныг хойшлуулах болсныг хэлсэн.
Тухайн мэдэгдэлдээ “Цар тахлын нөхцөл байдал буурч байгаа боловч вакцины гуравдугаар тунгийн асуудлаар төрийн байгууллагууд мөн УОК, НОК-ууд нэгдсэн ойлголт, шийдвэрт хүрээгүй байгаа, үүний улмаас олон нийтийн зарим хэсэгт бухимдал үүсэх магадлалтай хэмээн тус газар болон төрийн байгууллагуудын зүгээс барилдааныг хамтран зохион байгуулах боломжгүй болсныг мэдэгдсэнд бөх сонирхогч, үзэгч олон нийт, шууд дамжуулахаар зэхсэн телевизийн хамт олноос хүлцэл эрье” гэсэн юм.
Дараа нь шадар сайд С.Амарсайхан цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийсэн. Тэгэхдээ “МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав барилдааны бэлтгэл бүрэн хангагдаагүй” гээд цуцлах хүсэлт гаргасан гэж мэдэгдэл хийхэд МҮБХ хариуд нь “УОК, Шадар сайд худал мэдээлэл тараалаа. Бид бэлтгэлээ бүрэн хангасан байсан. Хойшлуулах хүсэлт гаргаагүй” гэсэн.
Үүнтэй холбогдуулан МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаярыг дээд удирдлагадаа санаатайгаар буруу мэдээлэл өгсөн гэх үндэслэлээр шүүхэд өгөхөөр болжээ.