Афганистанд эмэгтэйчүүд валют шиг болжээ. Тэднээр хоол хүнснийхээ төлбөрийг хийх юм уу томоохон хэмжээний өрөө буцаах боломжтой болж байна.
Нэгэн өрхийн тэргүүн гэр бүлийнхээ бусад гишүүдийг тэжээхийн тулд 9 настай охиноо зарсан хэрэг гарсан бол хэд хэдэн залуу охидтой нэгэн гэр бүл хүүгийнхээ өрөнд охидыг нь авчих вий хэмээн нуугдаж амьдрахаас өөр аргагүй болжээ.
Зарим эмэгтэйчүүд аль гайгүй гэсэн, таньдаг мэддэг хүмүүстэйгээ шуудхан гэрлэж, аль болох аюулгүй амьдрахыг илүүд үзэж байна. Эндээс хамгийн аймшигтай нь талибын эхнэр болох явдал юм.
Хоолны төлөө 9 настай охиноо заржээ
Талибууд засгийн эрхэнд гарах үед Афганистаны эдийн засаг унасан юм. Тэр дундаа бусад улс орнуудаас тусламж авах боломжгүй алс холын бүсийн иргэдийн аж амьдрал хүндэрчээ. Үүний улмаас жаахан охиноо нөхөрт гарган зардаг үзэгдэл гарсан байна.
Энд 15 хүртэлх насны охидыг нөхөрт гарахыг хориглодог ч ийм асуудал хаа сайгүй тохиох болсон гэнэ. Ядуурч хоосорч, яах учраа олохгүй болсон айл өрхүүд бусад хүүхдээ тэжээхийн тулд ийм үйлдэл хийхээс өөр аргагүй болжээ.
Яг ийм нэг гэрээг CNN-ийн сэтгүүлчид илрүүлжээ. Есөн настай Парвана Малик охиныг 55 настай эрэгтэйд 2200 долларын үнээр, хонь, газар, бэлэн мөнгөөр заржээ. Охин хэдийгээр гуйж, эсэргүүцэж байсан ч тоогоогүй байна. Охин цагаан хөмсөгтэй, өтгөн, саарал сахалтай эрэгтэй өөрийг нь зодно, ажил хийхийг шаардана гэж маш их айснаа сэтгүүлчдэд ярьжээ. Парвана охин сурч, багш болохыг мөрөөддөг байжээ.
Гэвч охины эцэг Абдул Малик өөрт нь үүнээс өөр сонголт байгаагүй гэжээ. Тэднийх ам бүл 8-уулаа. Тэднийгээ тэжээх ёстой. Мэдээж Парванаг зарсны дараа эцэг нь шөнө ч тайван унтаж чадахгүй болсноо сэтгүүлчдэд ярьжээ.
Тэрбээр хүүхдийнхээ ирээдүйд санаа зовж, ичиж байгаа гэжээ. Тэрбээр охиноо зарахгүй байхыг ихэд хичээж, ажил хайн Кала-э-Нау мужийн нийслэлд хүртэл очиж, хамаатан саднуудаасаа их хэмжээний мөнгө зээлсэн гэнэ. Харин эхнэр нь гудамжинд гуйлга гуйх болсон аж.
Абдул Малик охин Парванагаа зарсан мөнгөөрөө гэр бүлээ хэдэн сар тэжээж хүрнэ. Парванаг зарахаасаа өмнө 12 настай эгчийг нь хүртэл худалдсан гэнэ.
Охин зөрүүдэлсээр байсан ч хөгшин өвгөнтэй хамт хүчээр явуулжээ
Охиныг худалдан авагч 55 настай Корбан түүнтэй гэрлэхийн тулд худалдан аваагүй гэжээ. Тэрбээр эхнэртэй, эхнэр нь Парванаг өөрсдийнхөө хүүхдүүдийн адил асарч халамжилна гэжээ.
«Тэр үнэхээр хямдхан байсан, дээр нь эцэг нь маш ядуу, мөнгө хэрэгтэй байсан. Тэр манай гэрт ажиллах болно. Би түүнийг зодохгүй. Гэр бүлийнхээ нэг гишүүн шиг л хандана. Би зөөлөн байна» хэмээн тэрбээр ярьжээ.
Үнэндээ зарах үеэрээ түүнийг Корбаны сүйт бүсгүй болсныг эцэг нь онцлоод, өвгөнийг охиныг нь халамжилж, зодож занчихгүй байхыг хүссэн гэжээ. Худалдан авагч ч зөвшөөрөөд, дараа нь хар хувцастай Парванаг гараас нь шүүрэн авч хаалганы цаана гарсан гэнэ. Тэд явах үед охин газар унан, чаргууцалдсан боловч ямар ч нэмэр бололгүй, машинд суулгаад аваад явсан аж.
Ахынх нь өрөнд охиныг өгчээ
Талибууд засгийн эрхэнд гарснаас хойш 7 хоногийн дараа Аиша хэмээх өөр нэгэн охины гэрт нэгэн бизнесмэн иржээ. Тэрбээр ахаас нь 250 мянган долларын өрнийхөө оронд Аиша болон түүний 4 эгч дүүг өгөхийг шаардсан гэнэ. Охидыг өөртэй нь болон хөвгүүдтэй нь суух ёстой гэжээ. Энэ түүхийг The Wall Street Journal ил болгосон юм.
«Хэрэв чамд мөнгө байхгүй бол охин дүү нар байна» хэмээн бизнесмэн хэлснийг Аиша хэлжээ. Харин одоо энэ охин гэр бүлийнхнийхээ хамт хүмүүнлэгийн ажилтнуудын байгуулсан орогнох байранд нуугдаж байна.
«Би хэзээ ч талибтай гэрлэхгүй. Хэрвээ тэр биднийг барьчихвал бид ирээдүйгээ алдана» гэж охин ярьжээ.
“Талибан”-ы төлөөлөгчидтэй хүчээр гэрлүүлэх, хулгайлах, хүчирхийлэх үзэгдэл сүүлийн саруудад байнга гарах болжээ. Аишагийн ээж нь охидоо бизнесмэнд өгөх нь боолчлолд өгөхтэй ижил зүйл гэж үзэж байна.
Аиша охин хүүхэд насныхаа бүрэн бүтэн амьдралыг мэдрэхийн тулд багаасаа эрэгтэй хүүхэд шиг хувцаслаж, үсээ засуулдаг байсан гэжээ. Хэрэв тэгээгүй бол бүх цагаа гэртээ өнгөрөөх ёстой байв. Аиша өөрийгөө Халид хэмээн нэрлэж, үеийнхэнтэйгээ хөлбөмбөг тоглож, дугуй унаж, модонд авирдаг байжээ. Харин одоо түүний ертөнц орогнох байр болтлоо жижгэрчээ.
«Хэн нэгэн ирэх юм уу хаалга гаднаас онгойлгох тоолонд бид тэр хүн хүрээд ирж гэж боддог» гэж Аиша ярьсан юм.
Танилтайгаа яаран гэрлэдэг болжээ
Афганистаныг талибууд эзлэн авснаар нийслэлийн нийгмийн байдал нь агшин зуурт өөрчлөгджээ. Эмэгтэйчүүдийг ажлын байрнаас нь, боловсролын байгууллагаас нь, ерөнхийдөө бол нийгмийн амьдралаас нь шахан зайлуулжээ. Одоо охид ганцаардан гэртээ суухаас өөр аргагүй болжээ.
Афганы хотууд, ялангуяа Кабулын нүүр царай улам бүрсийх болжээ. Жишээлбэ, өмнө нь аль ч хүйсийнхэн, гэр бүлийн хосуудад үйлчилдэг байсан кафенууд хоосорч, паркад дандаа эрчүүд үйлчлүүлдэг болжээ.
“Талибан”-ы албан тушаалтнууд 1990-ээд оны сүүлээр хэвлэгдсэн, 2020 онд дахин хэвлэгдсэн гарын авлагыг нутгийн оршин суугчдын ёс суртахууны зан үйлийг зохицуулах гарын авлага болгон ашиглаж байна.
Энэхүү гарын авлагад ялангуяа охид, эмэгтэйчүүдэд зориулсан хатуу дүрмийг тусгасан боловч “Талибан” тэднийг “эелдэг” дагаж мөрдөхийг уриалж байна. Энэ тухай Human Rights Watch байгууллагын эмэгтэйчүүдийн эрхийн асуудал хариуцсан дэд захирал Хизер Барр мэдэгдэв.
“Удирдамжид мөн эмэгтэй хүний эрхийг хүн бүр хүндэтгэх ёстой, тэр дундаа албадан гэрлэхээр гэрлэхгүй байх эрхтэй гэж заасан байдаг. Гэвч “Талибан” бүлэг охидын дунд сургуулийг хааж, эмэгтэйчүүдийн их дээд сургуульд суралцахад хатуу шинэ хязгаарлалт тогтоосноор хүчээр гэрлүүлэх эрсдэлийг эрс нэмэгдүүлсэн” гэж Барр хэлжээ.
Зарим эмэгтэйчүүд дотно хамаатнууд, эсвэл гэр бүлийн найзуудтайгаа яаран гэрлэж байна. Тэд үүнээс илүү таагүй зүйл болох вий хэмээн болгоомжилж ийм сонголт хийж байгаа аж.
Эх сурвалж: 360ТҮ