УОК энэ оны дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжин ээлжит хатуу хөл хорио тавьсан. Энэ үеэр ШӨХТГ махны худалдааны түрээсийн зах зээлд давамгай байдалтай үйл ажиллагаа явуулдаг “Хүчит шонхор” захыг үгсэн хуйвалдаж, мах дамлан худалдаалсан хэрэгт буруутгаж байсан юм.
Махны үнийг зохиомлоор хөөрөгдөж, дамлан худалдаалж байгааг тогтоосон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар “Хүчит шонхор” захыг жилийн борлуулалтын орлогын дөрвөн хувиар буюу 29 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргаад байв.
Гэвч энэ шийдвэрийг “Хүчит шонхор” захын удирдлага үүнийг хүлээн зөвшөөрөхгүй хуулийн байгууллагад ханджээ. Хэргийг хянасан прокурорын байгууллага ШӨХТГ-ын шийдвэрийг үндэслэлгүй гэж үзжээ. Прокурорын саналыг Захиргааны хэргийн анхан шатны шүүх ч дэмжин торгуулийг хүчингүй болгох шийдвэр гаргасан байна.
ШӨХТГ-аас үүнийг эс зөвшөөрч, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Давж заалдах шатны шүүх болон Дээд шүүхийн шийдвэр ижил гарч “Хүчит шонхор” захыг 29 саяар торгосон ШӨХТГ-ын шийдвэрийг баталгаажуулжээ.