Эм, эмнэлгийн хэрэгслийн хүрэлцээ, үүсээд байгаа нөхцөл байдал, хүндрэл, шуурхай татан авах асуудлаар Гадаад харилцааны яаманд болсон уулзалтад оролцсон БНХАУ-ын Эрээн хотод суугаа консул Т.Мөнхгэрэл нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Эрээн хотод хөл хорионы дэглэм үйлчилсэн хэвээр байна. Тэг зогсолт хийж, ААН-үүд ажиллахгүй байгаа учраас холбогдох хүмүүстэй утсаар ярилцаж байгаа.
Нэгэнт Эрээнд ороод ирсэн ачааг буцаагаад гаргах боломжгүй. Тиймээс бид төмөр замаар ачуулах боломжийг эрэлхийлж байна. 24 ААН-ээс Эрээнд гацсан эм, эмнэлгийн хэрэгслийн жагсаалт бидэнд ирсэн. Тодруулбал, 19 чингэлэг, дөрвөн машин болон задгай хайрцагтай ачаанууд байна.
Энд нэгэнт ирчихсэн ачааг буцааж гаргаад Ханги эсвэл Гашуунсухайтаар явуулах боломжгүй. Тиймээс төмөр замд ачуулах асуудлыг нөгөө талтай ярина. Өнөө өглөө БНХАУ-ын талтай холбогдоход “Одоохондоо гарц гаргалгаа харахгүй байна. Аль болох шуурхай ярилцаж шийднэ” гэсэн хариулт өглөө.
Авто замаар гарах гэж байсан зарим чингэлэгтэй ачааг төмөр замаар гаргах зарчмын тохироонд хүрээд байгаа. Ачаа бараа лацтай агуулахад хадгалагдаагүй байгаа бол төмөр замаар ачуулах боломж бий.
Манай ААН-ийн ачаа бараа Эрээнд ирсэн бол хүлээж авсан буюу эндээс илгээх компани нь тухайн барааг галт тэрэгний өртөөнд хүргэж өгөх боломжтой юу гэдгийг лавлаад бидэнд мэдэгдэх хэрэгтэй байна. Тэг зогсолт хийсэн байгаа энэ үед зайлшгүй шаардлагатай тохиолдолд иргэд, ААН-үүд Эрээн хотынхоо шуурхай штабаас зөвшөөрөл авч, хөдөлгөөнд оролцож байгаа. Агуулахаа лацдуулаагүй, хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл авсан, галт тэрэг захиалах боломжтой ААН-үүдтэй хамтарч ажилладаг бол бидэнд мэдэгдэнэ үү” хэмээн хэллээ.