Эм, эмнэлгийн хэрэгслийн хүрэлцээ, үүсээд байгаа нөхцөл байдал, хүндрэл, шуурхай татан авах асуудлаарх уулзалт Гадаад харилцааны яаманд боллоо.
Тус уулзалтад ГХЯ, ЭМЯ, ЗТХЯ, БХБЯ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, УБТЗ болон холбогдох байгууллагуудын төлөөллүүд, Бээжин, Хөх хот, Эрээний консулын газруудаас албаныхан оролцов. Энэ үеэр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал “Тяньжин боомтод бөөгнөрөөд байгаа 4,800 орчим чингэлгүүдийг арваннэгдүгээр сарын 30-н гэхэд хөдөлгөсөн байх шийдвэр гарсан. Арваннэгдүгээр сарын 1-нд Тяньжинаас гурван галт тэргээр 176 чингэлэг ачигдсан байна. Өчигдрийн мэдээ хараахан ирээгүй бөгөөд өдөр бүр гурван галт тэргээр чингэлэг зөөж эхэлсэн” гэдгийг хэллээ.
БНХАУ-д өдөрт дунджаар коронавируст халдварын 60-70 тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд 2022 оны өвлийн олимпын бэлтгэл ажлыг хангах хүрээнд халдвар хамгааллын дэглэмийг нэлээд чанд сахиулж байгааг Элчин сайд нэмж хэлэв.