Эх газрын Хятад ойрын хоёр жилийн дотор Тайвань арлыг цэргийн аргаар булаан авах оролдлого хийх магадлал багатай гэж АНУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга, генерал Марк Милли мэдэгджээ.
Генерал Милли 11-р сарын 2-4-ны хооронд Вашингтон ДС хотод зохион байгуулагдаж байгаа 2021 оны Аспен аюулгүй байдлын форум дээр “Хятадад хийсэн шинжилгээндээ үндэслэн эх газрын Хятад ойрын үед Тайвань арал руу довтлох боломжгүй гэж үзэж байна. Энэ нь 6, 12, цаашлаад 24 сарын хугацаанд хамааралтай” хэмээн хэлжээ.
Мөн тэрбээр “Гэсэн хэдий ч Хятадууд ирээдүйд ийм боломж олдоно гэж найдаж байгаа бол үндэсний удирдлагуудын зүгээс ийм боломжийг бүрдүүлж өгөх чадавхыг тодорхой болгох ёстой болов уу. Гэхдээ энэ нь ойрын үед үү, ирээдүйд байх уу” хэмээжээ. Милли бол Америкийн цэргийн хамгийн ахмад генерал юм.
Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хэлэхдээ, Хятад улс Тайванийг өөртөө нэгтгэхийг хүсвэл АНУ түүнийг хамгаалах үүрэгтэй гэж мэдэгдсэн ч Цагаан ордон эдгээр мэдэгдлээс зайлсхийсэн юм. АНУ Тайванийг цэргийн хувьд дэмжиж байгаа ч ийм албан ёсоор хамгаалах үүрэг хүлээгээгүй байдаг.
1949 онд Хятадын Коммунист намтай хийсэн иргэний дайнд ялагдсан Чан Кайши тэргүүтэй Гоминданы арми Тайваньд шилжин суурьшсанаар БНХАУ-ын төв засгийн газар болон арал хоорондын албан ёсны харилцаа тасалдсан байдаг.
Арал болон эх газрын Хятад хоорондын бизнесийн болон албан бус харилцаа 1980-аад оны сүүлээр сэргэсэн бөгөөд 1990-ээд оны эхэн үеэс талууд Тайванийн хоолойгоор дамжин харилцааг хөгжүүлэх Бээжингийн нийгэмлэг, Тайбэй хоолойн солилцооны сан зэрэг төрийн бус байгууллагуудаар дамжуулан холбогдож эхэлсэн билээ.
Эх сурвалж: RIA