Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцуулахдаа,
“Хил хаасантай холбогдуулан бараа, бүтээгдэхүүний шок үүсэж байна. Үүнтэй холбогдуулан Ханги, Гушуунсухайтын боомт хил дээр хүнс, гол нэрийн бараа бүтээгдэхүүний лаборатори яаралтай байгуулна. Улмаар хоёр улс хамтран хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийг татна. Махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд Улаанбаатарт 30-аас доошгүй ил задгай, агуулахын худалдааг зохион байгуулна. Энэ долоо хоногт цэгүүдийг бий болгоно. “Хүчит шонхор” мэт цөөхөн газар худалдахгүй, төвлөрлийг сааруулна.
Энэ жил өвөлжилт нэлээд хүндрэх төлөвтэй. Шүлхий өвчний улмаас махны экспортыг түр хугацаанд хориглоод байгаа.
Гуравдугаарт, энэ жилийн ургацын төлөв байдлаас улаан буудайн тодорхой илүүдэл гарч байгаа. Гурил, малын тэжээл үйлдвэрлэгчдэд тодорхой эргэлтийн хөрөнгийг бий болгохын тулд тодорхой шийдлийг гаргалаа. Эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгөөс Хөдөө аж ахуйн салбарт хуваарилсан мөнгөний 150 тэрбум төгрөгийг гурил, тэжээл үйлдвэрлэгчдэд гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй нөхцлөөр олгоно” гэлээ.