“Үндэсний Тээврийн Корпораци” ХХК нь тээвэр ложистикийн дотоодын зах зээлийг хөгжүүлэх, тэгш шударга өрсөлдөх боломжийг бий болгох, салбарын өртгийг бууруулж хэрэглэгчдийн тээвэр ложистикийн зардлыг багасгах зорилготойгоор тус салбарт 10-30 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа “Туушин” ХХК, “Ти Ай Ложистик” ХХК, “Материал Импекс” ХК, “Монгол Экспресс” ХХК, “Азийн Зам” ХХК, “Аноджин” ХХК, “Ашли Транс” ХХК, “Илинкс Экспресс” ХХК, “Монложистикс Ворлдвайд” ХХК, “Монжап Стар” ХХК, “Нью Ложистикс” ХХК, “Эй Си Даблью” ХХК, “Эс Би Логистикс” ХХК гэсэн нийт 13 үндэсний тээвэр зуучлагчид нэгдэн байгуулсан үндэсний оператор компани юм.
Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас үүдэн Тяньжин, Эрээн, Замын-Үүд боомтод чингэлэг, ачаа тээвэр гацаад байгаа. Энэхүү бөөгнөрлийг сааруулах үүднээс тус байгууллага Хамбург – Улаанбаатар маршрутын хатуу хуваарьт галт тэрэгний төслийг санаачлаад байна. Энэхүү төсөл нь Латин Америк, Хойд Америк тивээс Тяньжин боомтоор дамжин ирдэг байсан чингэлэг ачаа болон Европын Холбооны гишүүн орнуудаас тээвэрлэх ачаа барааг ХБНГУ-ын Хамбург боомт хүртэл тээвэрлэн Хамбург – Улаанбаатар чиглэлд хатуу хуваарьт галт тэргээр (41 – 44 ширхэг 40 футийн чингэлэг) тээвэрлэх зорилготой юм.
Одоогоор уг төслийн дагуу 11 сард туршилтын тээвэр хийгдэхээр төлөвлөгдөж байна. Хүлээн авагч, харилцагч байгууллагуудын хүсэлтийн дагуу гаалийн бүрдүүлэлт, чингэлэг олдоц, чингэлэг буцаалт, ачаа барааны даатгал, чингэлэг хадгалалт зэрэг асуудлыг аль болох уян хатан нөхцөлтэй байлгахаар гадаадын түнш байгууллагатай хэлэлцээр хийхээр зорьж байгаа аж.