УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат нар тус тус танилцуулав.
Төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлт гаргахдаа төрийн аудитын стандартыг баримталж, төсвийн орлого нэмэгдүүлэх, төсвийн зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарснаар УИХ-д төсвийн орлого нэмэгдүүлэх хоёр асуудлыг толилуулж, Засгийн газарт төсвийн санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлэх таван зөвлөмж өгсөн талаар Д.Занданбат дарга танилцуулгадаа дурдав.
Түүнчлэн Үндэсний аудитын дүгнэлтийн 6.1, 6.3, 6.6, 6.7, 6.8, 6.9, 6.10, 6.13-ыг нэг бүрчлэн танилцуулсан. Тухайлбал, 6.1-т Монгол Улсын 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 15.8 их наяд төгрөг, нийт зарлага 18.2 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцэл 2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьтай тэнцэж байгаа нь төсвийн тусгай шаардлагыг хангаж байгааг онцолсон.
Сангийн сайд Б.Жавхлан танилцуулгадаа, дэлхий нийтийг хамарсан коронавируст халдварын цар тахал дэгдсэнээр 2020 онд дэлхийн эдийн засаг 5.3 хувь, манай улсын эдийн засаг 4.6 хувиар агшиж, төсөв, санхүүгийн хүнд он жилүүд өнгөрснийг дурдаад Монгол Улсын Засгийн газар өөрийн боломжит бүх нөөцийг дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлсний үндсэн дээр энэ оны эхний 6 сарын байдлаар 6.3 хувиар, жилийн эцсээр 4.1 хувиар өсөхөөр хүлээгдэж байгааг мэдэгдсэн.
Төсвийн зарлагыг шинэчлэхээр төлөвлөж байгаа
Засгийн газар ирэх оны төсвийн төслийг “Хөдөлмөр, бүтээмж, өсөлт”-ийг дэмжихэд чиглүүллээ. Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, төр зардлаа танаж, цомхон чадварлаг бүтцээр ажиллах, төрийн үйлчилгээний санхүүжилтийн механизмыг өөрчлөх замаар боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, халамжийг цэгцэлж хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, ирээдүйн өв сангийн өгөөжийг нэмэгдүүлэх, хотын түгжрэлийг бууруулах зэрэг төсвийн зарлагыг шинэчлэхээр төлөвлөж байгаагаа дурдав.
Тухайлбал, Төрийн албаны шинэчлэлийн хүрээнд, хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой чиг үүргийг төр хэрэгжүүлдэг байдлаас татгалзаж стандарт, чанар, өрсөлдөөнд суурилсан үйлчилгээг төр худалдан авдаг тогтолцоонд шилжүүлэх, түүнчлэн, нийгмийн суурь үйлчилгээ үзүүлдэг салбарын байгууллагуудыг төсвийн хувьд хагас бие даасан тогтолцоонд шилжүүлэх замаар цомхон бүтэцтэй, хариуцлагатай төрийн албатай байх зорилт тавьсан байна.
Мөн төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг 2021 онд эхлүүлсэн бол 2022 оноос боловсрол, соёл урлаг, нийтийн биеийн тамирын байгууллагыг санхүүгийн хувьд хагас бие даалгаж, үр дүн, чанар, бодит гүйцэтгэлд үндэслэн санхүүжүүлэхээр тооцсон гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцлоод төсвийн бодлогын арга хэмжээний үр дүнд Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн нийт орлого 16.4 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 18.2 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьд хүрч, эдийн засаг 5 хувиар өсөхөөр төсөөлсөн гэж байлаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, хариулт авсны дараа төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байгаагүй тул Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.