БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газраас Дундговь аймагт 40,0 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүллээ.
Цар тахлын нөхцөл байдалд өсвөр насны хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байгаа болон өнгөрсөн хаврын шороон шуурганд малчид илүүтэй өртсөн тухай мэдээлэлд тулгуурлан ЕБС-ийн 40 сурагчид зориулан 20,0 сая төгрөг, амьжиргааны түвшин доогуур 40 малчин өрхөд 20,0 сая төгрөг, нийт 40 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг хандивлав.
Тус консулын газрын үйл ажиллагааны тойрогт Дорноговь, Сүхбаатар, Дундговь, Өмнөговь, Дорнод аймаг багтдаг бөгөөд үйл ажиллагаа нь хоёр улсын орон нутаг, мужууд хоорондын хамтын ажиллагаа, худалдаа эдийн засаг, аялал жуулчлал, соёл боловсрол, анагаах ухаан, эрүүл мэнд, шинжлэх ухаан ба технологийн зэрэг олон талт салбарт хамтран ажиллах, ард түмний найрамдлын харилцааг өргөжүүлэхэд чиглэгддэг ажээ.
Дундговь аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбат Замын-Үүд дэх Ерөнхий консулын газрын Ерөнхий дэд консул Жан И Ши-тэй тус консулын газарт албан уулзалт хийж, энэ үеэр хамтын ажиллагааны үр дүнгийн талаар ярилцан, цар тахлын аюулыг хамтдаа даван туулахыг уриалж, тус аймагт ковидын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцсон байна.
Энэ үеэр аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбат Замын-Үүдийн Ерөнхий консулын газрын хамт олонд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын “ТАЛАРХЛЫН БИЧИГ”, дурсгалын зүйлсийг гардуулан өгчээ.