Цэцэрлэгт 2-3 настнуудыг энэ сард хамруулах боломжтой талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өмнө нь хэлж байв.
Мөн өнгөрсөн сарын сүүлээс эхлэн Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв зэрэг мэргэжлийн байгууллага хамтран эрсдэлийн үнэлгээг хийж эхлээд байгаа юм.
Энэ асуудлаар Улсын Онцгой комисс ямар байр суурьтай байгааг Шадар сайд С.Амарсайханаас тодруулахад “Эрсдэлийн үнэлгээг тогтмол хийж байна. Өвлийн улиралд ханиад томуу, КОВИД-19-ийн хавсарсан эрсдэл нэмэгдэх төлөв байгаа учраас энэ үед хүүхдийн цэцэрлэгийг эхлүүлэх нь зохимжгүй гэсэн дүгнэлт гарч байгаа. Уг асуудлыг Улсын Онцгой комиссоор хэлэлцэнэ, Засгийн газарт танилцуулна” гэв.
Харин Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр “БШУЯ-наас дангаараа шийдвэр гаргах боломжгүй. Эрдэмтдийн зөвлөлөөс 2-3 настай хүүхдүүд эрсдэл өндөртэй, Дельта хувилбарын халдвар авах юм бол гэдэсний суулгалт хавтгайрах эрсдэлтэй гэж үзсэн. Үүнээс шалтгаалан Эрдэмтдийн зөвлөл, Эрүүл мэндийн яамны зөвлөмж, чиглэл болон Улсын Онцгой комиссын шийдвэрийг хүлээж байна.
Боловсролын байгууллагуудын тухайд анги бүлэгт хязгаар тогтоож хүүхдүүдээ авах боломжтой гэж үзсэн. Ялангуяа хувийн цэцэрлэгүүд тодорхой хязгаар тогтоож хүүхдүүдээ авах саналаа илэрхийлсээр байгаа.
Гэвч энэ нь цар тахалтай холбоотой асуудал учир шууд шийдвэр гаргаж чадахгүй. Багш, тогооч нар ч өвдсөөр байна. Иймд 2-3 настай хүүхдүүдийг авна гэж сайдын хэмжээнд асуудлыг шийдэхэд хүндрэлтэй, хүлээлтийн байдалтай байна. Хэрэв ав гэдэг шийдвэр гарвал зохих арга хэмжээг авч, сургууль, цэцэрлэгийн орчинд халдвар гарахаас урьдчилан сэргийлж ажиллана. Бид нар бэлтгэлээ хангасан” гэлээ.