Улсын Их хурлын Хүний эрхийн дэд хороо хуралдаж, жагсаал цуглаан хийх эрхийн талаар хэлэлцлээ.
Хүний эрхийн үндэсний комиссын мэдээллийг ХЭҮК-ийн гишүүн Г.Нарантуяа танилцууллаа.
“Хүний эрхийн үндэсний комиссоос Монгол Улсад тайван жагсах, хуран чуулах эрх чөлөөгөө эдлэх баталгаа хэврэг, энэ орон зай цаашид улам хумигдах эрсдэлтэй гэж дүгнэж байна. Тогтолцооны талаас авч үзвэл энэ байдалд нэг суурь шалтгаан, суурь шалтгааныг дагасан хоёр үндсэн шалтгаан нөлөөлж байна гэж үзэж байна.
Суурь шалтгаан нь тайван жагсаал зохион байгуулах ялангуяа улс төрийн өнгө аястай, төрийн бодлого үйл ажиллагааг шүүмжилсэн үзэл бодол илэрхийлэх жагсаж, цуглахад айж цэрвэх, хачирхах, хардах төрийн албан хаагчийн хандлагатай холбоотой. Зүй нь тайван жагсаал бол ардчилсан улсын хэвийн амьдралын нэг хэсэг байх учиртай. Энэ нь төрийн эрх мэдлийг хянах, бодлого үйл ажиллагаагаа сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэх учиртай. Шүүмжлэлт үзэл бодол үүнийгээ илэрхийлэх жагсаал цуглаан зэрэг арга хэмжээг хэвийн зүйл гэж үзэх нийгмийн хандлага, төрийн албан хаагчдын хандлага тогтоогүй байна. Энэ нь хүчирхийллийн бус тайван жагсаал цуглааныг дэмжих бус хязгаарлах, зогсоох, намжаахад чиглэж байна.
Түүнчлэн 1994 онд бичигдсэн Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль ерөнхий бичигдсэн төдийгүй цаг үеэсээ хоцорсон байна. Цар тахлын үеэр Засаг даргын захирамжаар бүх жагсаал цуглааныг нийтлэг байдлаар хязгаарлах журмыг авч хэрэгжүүлсэн нь хүний эрхийн зарчимд нийцэхгүй. Мэдэгдэх, бүртгэх гэж нэрлэсэн боловч үнэн хэрэгтээ зөвшөөрөл авах механизм байна. Энэ хэвээр байвал цаашид Д.Монголхүү, Э.Одбаяр болон хууль сахиулах үүрэгтэй цагдаагийн алба хаагчдын хооронд маргаан зөрчил тасрахгүй” гэлээ.
Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийг ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир танилцууллаа. Тус мэдээлэлд “Жагсаал цуглааны журмын тухай хуулийг баталсан байдаг. Энэ хуулийн долоодугаар зүйлд жагсаал цуглаан хийхийг хориглосон газрыг хуульчилсан.
Тухайлбал тус хуулийн 7.2-т Цэрэг цагдаа, төрийн тусгай хамгаалалтад байгаа газар, 7.6-д нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбай, Төрийн ордны нутаг дэвсгэрт хамаарах хэсэг гэж заажээ. Мөн хуулийн 8-р зүйлд жагсаал цуглаан, өлсгөлөн зарлахыг хориглох үндэслэлийг тогтоож өгсөн байдаг. Түүнчлэн зохион байгуулагчийн үүрэг, албадан тараах үндэслэлийг заасан.
2020 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт зарим улс төрийн нам, хөдөлгөөн , эвсэл, иргэн 237 жагсаал зохион байгуулж, 3 удаа өлсгөлөн зарлажээ. Энэ оны 10 сарын байдлаар нийслэлд 189, орон нутагт 25 жагсаал цуглаан зохион байгуулагдаж, есөн өлсгөлөн зарлажээ. Үүнээс бүртгэглгүй жагсаал цуглаан 214 удаа зохион байгуулагдсан. Цагдаагийн байгууллагаас тайван замаар жагсаал зохион байгуулах эрхийг хангах үүднээс бүртгэлтэй болон бүртгэлгүй зохион байгуулагдаж буй жагсаал цуглааны үед хэв журмыг сахиулж ажиллалаа.