Гадаад орон руу зорчих монгол иргэдийн PCR шинжилгээний хариу хил дээр эерэг гараад байгаа асуудлаар шадар сайд С.Амарсайханаас төсвийн танилцуулгын үеэр тодрууллаа.
“PCR шинжилгээний хариу зөрүүтэй гарч байгаа асуудал нь хоёр шалтгаантай.
Нэгдүгээрт, шинжилгээг хийж байгаа лабораторийн алдаанаас болж буруу хариу гарч байна гэх дүгнэлтэд хүрсэн. Тухайн шинжилгээний хариуг алдаатай болон буруу гаргасан лабораториудтай хариуцлага тооцох үүрэг даалгаварыг Эрүүл мэндийн сайдад өгсөн.
Хоёрдугаарт, Монгол Улсад хэрэглэгддэг “PCR” шинжилгээний аппарат Хятад, Өмнөд Солонгос улсад ашиглагддаг аппаратнаас тохиргооны хувьд зөрүүтэй. Бусад оронд хэрэглэдэг шинжилгээний аппарат өндөр түвшинд шинжилдэг, хариу нь шууд гардаг гэх ялгаанууд бий. Мөн онгоцонд суухад илрээгүй ч, халдвар далд үедээ байж байгаад буух үед илэрч байна” гэлээ.
Дан ганц нисэх онгоцоор зорчих иргэдээс төдийгүй Гашуунсухайт хилийн боомтоор гарч байгаа нүүрс тээвэрлэгч жолооч нарын “PCR” шинжилгээний хариу зөрүүтэй гарч байгаа. Иймд, Халдварт өвчин судлалын үндэсний төв дээр хэрэглэж байгаа шинжилгээний “PCR” аппаратын тохируулгыг дахин шинэчлэх, хянах ажлыг эхлүүлжээ.