Азийн сан нь 1990 оноос хойш Монгол Улсад засаглалыг сайжруулах, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах, эдийн засгийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг олон салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж буй. Тэгвэл тус сангийн суурин төлөөлөгч Марк Кэйнийг нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын Хүндэт тэмдгээр шагнасныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар гардуулан өглөө.
Азийн сан нь НЗДТГ-тай нягт хамтран ажилладаг бөгөөд 2012 оноос хойш хотын засаглалыг сайжруулах, хотын нөөц баялгийг тогтвортой, хариуцлагатай ашиглах, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, үр дүнтэй хүргэх, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, Зүүн хойд Азийн Хотын дарга нарын форум зэрэг олон чиглэлээр төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС