УОК, НОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр Ерөнхий сайдаас төрийн өмчит компаниудын талаар баримталж буй байр суурийг нь сонирхлоо.
Тэрбээр: “Тавантолгой”, “Эрдэнэт”, “Монголросцветмет”, цахилгаан станцууд зэрэг төрийн өмчит компаниуд бий. Эдгээр компаниудын зарим нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт, зарим нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд харьяалагддаг.
Тэгвэл эдгээр компаниудыг бүгдийг нь “Эрдэнэс Монгол” дээр нэгтгэнэ. “Эрдэнэс Монгол”-ын менежмент болон ТУЗ-ийн асуудлыг ирэх жилд багтаан шийднэ.
Нэг үгээр хэлбэл, Зэсийн группийн захирал бөгөөд “Эрдэнэс Монгол”-ын захирал гэдэг л орон тоо байна.
“Тавантолгой”, “Эрдэнэт” тус бүрдээ төлөөлөн удирдах зөвлөлтэй, түүнд нь төрийн албан хаагчид ордог, хоорондоо уялддаггүй асуудлыг ирэх жил төсвийн реформын хүрээнд цэгцэлнэ.
Мөн ашиггүй төрийн өмчит үйлдвэрийн газруудыг татан буулгана. Дээрээс нь ашигтай бол гэрээ сунгадаг, ашиггүй бол цуцалдаг энгийн зарчим руу орох ёстой. Ашигтай ажиллахын тулд хэдэн орон тоотой байх вэ гэдэг тухайн менежерийн шийдэх асуудал” гэлээ.