УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ, “Хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, Засгийн захиргааны хуулийн өөрчлөлтийн тухай хэлэлцсэн. Хоёрдугаарт, Монгол Улс, БНХАУ хоорондын худалдааны хилийн тухай асуудлыг хэлэлцсэн.
Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах саналыг дэмжсэн. Засгийн газраас таван чиг үүрэгтэй байхаар оруулж ирсэн ч бид 11 чиг үүрэгтэй байхаар ярилцлаа. Мөн цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулна.
Манай улсын чөлөөт бүсийг хөгжүүлэх хүрээнд УИХ-аар ярилцвал дэмжинэ гэдэг шийдвэрт хүрлээ. Эм, тариа татан авах нөөцөд анхаарах чиглэлийг Шадар сайд С.Амарсайханд өгсөн. Энэ талаарх мэдээллийг Шадар сайд өгөх байх” хэмээлээ.
Мөн сэтгүүлчдийн асуусан асуултад хариулт өглөө.
–Нэр бүхий УИХ-ын гишүүдийн асуудлыг бүлгийн хурлаар авч хэлэлцсэн үү?
-УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлыг холбогдох байнгын хороо нь хэлэлцэнэ. Гэхдээ хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа гишүүний асуудлыг хэлэлцдэггүй. Хуулийнхаа хүрээнд шийдвэр гаргаад явдаг. Өнөөдөр бүлгээр УИХ-ын гишүүдийн гэмт хэрэг, эгүүлэн татах асуудал орж ирээгүй. УИХ-д асуудал орж ирсэн тохиолдолд л хэлэлцэнэ, ярилцана.