Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Жаргалантын аманд “Ногоон бүсийг ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах дадлага сургууль”-ийг дүүргийн Засаг даргын А494 дүгээр захирамжийн дагуу зохион байгууллаа.
Тус дадлага сургуулийн нээлтийн арга хэмжээнд дүүргийн Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан нийт оролцогчдод хандан үг хэлээд Онцгой байдлын хэлтэст ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дэмжлэг үзүүлж, туулах чадвар сайтай Ланд крузер-105 маркийн автомашиныг богино долгионы гар станцын хамт гардуулж өглөө.
Хөтөлбөрийн дагуу Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ, түймрийн үед үүрэг гүйцэтгэх гал унтраах, аврах ангийн хүн хүч, техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлын талаар танилцуулсан.
Дадлага сургуулиар “Ой хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, түймрийн үед гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн гүйцэтгэх үүрэг, харилцан ажиллагаа сэдвийн хүрээнд хээрийн нөхцөлд сургалт зохион байгуулав.
Улаан загалмайн хорооны сайн дурын идэвхтнүүд түймэрт түлэгдсэн, гэмтсэн иргэдэд анхны тусламжийг цаг алдалгүй үзүүлэх дадлага сургуулийг явуулж, дүүргийн Цагдаагийн газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид, хорооны Засаг дарга, ажилтнууд, Чингисийн хүрээ аялал жуулчлалын бааз, бусад мэргэжлийн байгууллагууд тус тусын чиг үүргийн дагуу ой хээрийн гал түймэр унтраах дадлага сургуульд оролцож ойн түймэртэй тэмцэх хүч хэрэгслээ тодотгож ажиллалаа.
Тус сургуульд, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангиудад дадлага хийж байгаа Хууль сахиулах их сургуулийн Ахлагчийн сургуулийн 32 сонсогч оролцсон. Ногоон бүсийг ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах дадлага сургуульд нийт 89 хүн, 12 техник хэрэгсэлтэй ажилласан гэж Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээлэв.