Оюунтолгойн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан Дубайн гэрээ болон Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдан авалтаас хувьдаа ашиг хонжоо харсан, албан тушаалаа ашиглан авлига авсан байж болзошгүй хэрэгт шалгагдаж байсан Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 2019 оны наймдугаар сард Монгол Улсын хилээр гарснаас хойш эх орондоо ирээгүй юм.
Эмчилгээ хийлгэх шаардлагатай байна гэсэн шалтгаанаар БНСУ зорчсон Ч.Сайханбилэгийн сураг алдраад удсаны дараа тэр АНУ-д амьдардаг дүүгээ эмчлүүлж байгаагаа дуулгаж байсан юм. Шүүхээс зөвшөөрсөн хилийн дээс алхах хугацаагаа аль хэдийнэ хэтрүүлсэн тул түүнийг АТГ мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан хэмээн үзэж албан ёсоор эрэн сурвалжилж байгаа хүний тоонд багтааж яваа юм.
АНУ руу зугтааснаасаа хойш усанд хаясан чулуу шиг хэсэг алга болсон Ч.Сайханбилэг өмнө нь өөрийн гэсэн олон нийтийн сүлжээний хаяггүй байсан. Харин Оюутолгойн асуудал үе үе дэгдэж, Монголд хэрэг мандаж эхлэх үеэр тэр тэвчээрээ алдан Чимэдийн Сайханбилэг гэдэг хаяг нээж, энэ хаягаа зөвхөн өөрийгөө өмгөөлөх, эх орноо дорд үзэх хэрүүлийн талбар болгон ашиглах боллоо.
2020 оны нэгдүгээр сард Ч.Сайханбилэг АНУ дахь Олон улсын хуулийн “Amsterdam & Partners LLP” фирмийг өмгөөлөгчөөрөө ажиллуулахаа мэдэгдэж, гадны хэвлэлүүдээр Монгол Улсын экс Ерөнхий сайд улс төрийн зорилготой ял оноосон асуудалд “Amsterdam & Partners LLP”-ээр хамгаалуулна гэсэн агуулгатай мэдээг цацуулж, тус фирмээр Монгол Улсын эсрэг мэдэгдэл гаргуулж байсан юм.
Гэхдээ тэрбээр асар өндөр өртөгтэй олон улсын хуулийн фирмийн өмгөөллийн хөлсийг санхүүгийн ямар эх үүсвэрээр төлж байгаа вэ гэдгээ хэлээгүй л яваа. Үүнээс хойш Ч.Сайханбилэг дүүгийнхээ биеийг эдгэрэхээр Монголд очно гэж нэг дуугарсан.
Дараа нь Х.Баттулгад хандан “Чам шиг муу хулгайчийг Ерөнхийлөгч байх үед би очихгүй” гэдгээ ч зарласан. Эх орондоо ирэх тухай ам алдаж байх үеэс хойш хоёр жил өнгөрчээ. Дүүгийн бие эдгэрч, үзэн ядсан Х.Баттулга нь Ерөнхийлөгчийн суудлаас буусан. Харин Ч.Сайханбилэг зөвхөн ФБ хаягаараа дамжуулан хэрүүл хийж, хараал хэлж суудаг нэгэн болжээ.
Ч.Сайханбилэгийн бичвэрүүд арай дэндүү. Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүнээс гарсан гэхэд итгэмээргүй бүдүүлэг үг хэллэгтэй. Хувь хүний уур хилэн, хараал зүхэл ч ихтэй. Түүний нэг намын нөхөд, нийлээд шийдвэр гаргаж явсан Х.Баттулга, З.Энхболдод шидсэн зүхэл, доромжлолын үгнүүдийг Олон нийтийн сүлжээ рүү зөвхөн тролл хаягууд ашигладаг болохоос хувь хүн бараг хэрэглэдэггүй.
Аравдугаар сарын 3-нд Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консерциум (ICIJ) байгууллагаас түүний оффшор хөрөнгийн мэдээллийг илчилж байхад л ICIJ-тай биш заргалдаж чадахгүй, эх орон руугаа сум тавьж ФБ хаягтаа:
“Хамаг хог новшоо чихдэг Тампуу гэж андуурлаа юу. Хамгийн хэцүү үед хамгийн хэрэг болсон төслүүдийг шийдсэний шагналд “Овт шар” болгох санаатай. Тэр Офшоор-доо миний компани, хөрөнгө олчихсон юм бол үнэгүй, шууд аваарай” гэсэн зурвас үлдээх жишээтэй.
Өнөөдөр Ч.Сайханбилэг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хандаж мөн л жижиг бичвэр бичжээ. Сайтууд өөрийнх нь бичвэрийг авч тавиад, уншигчдын хүртээмжийг нэмчихдэг болохоор урамшдаг байх. Хэвлэлийн мэдээнд зориулсан өгөгдөлтэй бичвэр нь эхний өгүүлбэрээсээ л уламжлалт доромжлолоос бүтжээ.
Үнэндээ бол Фэйсбүүк хуудсаа зөвхөн Оюутолгой тойрсон хэрүүлийн талбар болгон ашиглаж байгаа Ч.Сайханбилэгийн араншин, хувь хүний өнөөдрийн дүр төрх нь муухай харагдаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүний хувьд энэ түүнийг үнэхээр жижигхэн этгээд, арчаагүй амиа бодогч шиг үнэлүүлж байна.
Шинэ үеээ, залуусаа мэдлэг, мэдээллээр тэтгээд, хэл устай хүний хувьд ертөнцийн өнцөг булан бүрт оршин байх боломжтой танилцуулаад байж чадахгүй бол Фэйсбүүктээ битгий хэрүүл бич Ч.Сайханбилэгээ. Монголчууд, монголын залуу үе танаас ичиж байна.