Тэр бол аврагчдын итгэлт хамтрагч. Бас багш нь. Мөн гурав дахь үеийн капитан гэх ховор түүхийн эзэн. Түүний өвөө Б.Чадраабал “Сүхбаатар” хөлөг онгоцны анхны капитан байсан бөгөөд хүү Ч.Батдаа хөлөг онгоцныхоо түлхүүрийг гардуулж өгч байсан түүхтэй. Тиймээс бид энэ удаагийн “Онцлох зочин” буландаа ЗТЯ-ны харьяа Монгол Улсын далайн захиргааны мэргэжилтэн Батын Нэргүйг урьсан юм.
– Таныг Хөвсгөл нутгийн Онцгой байдлын байгууллагын аврагчдын маань итгэлт хамтрагч нь гэж хэлж болно. Авран хамгаалах үйлсэд мөр зэрэгцэн ажиллаж байгаад тань баяртай байна.
– Хүний жаргал, зовлонг хуваалцана гэдэг маш том буян. Энэ их буяныг хариу нэхэлгүйгээр бусдад түгээж байдаг албаныхан бол Онцгойгийнхон. Энэ сайхан албаны залуустайгаа би Хөвсгөл нуурт ирж байгаа дуудлага бүрт хамтран ажилладаг. Та хамт яваад өгөөч гэсэн саналыг хэлнэ. Би ч ямарч ажилтай байсан зохицуулаад хамт явна. Мөн Хөвсгөл нуурт амьдарч, ажиллаж байгаа хүний хувьд өөрийнхөө мэддэг бүхнээ хуваалцах юмсан, газар орныхоо онцлогийг залуусдаа тайлбарлаад таниулаад өгчих юмсан гэж бодож явдаг.
Миний хувьд БНСУ-ын Далайн их сургуульд 45, Германд 21, ОХУ-д 45 хоног уснаас аврах ажиллагааны чиглэлээр сургалтад хамрагдсан. Эдгээр сургалтаас олж авсан мэдлэгээ Онцгой байдлын газрынхандаа хуваалцаж, арга туршлагаас нь зааж өгсөн. Бас 2019 онд Хөвсгөл нуурт Онцгой байдлын байгууллагын аврагч нарт зориулсан гүний усны сургалтын төв байгуулахад хамтарч, ачаа тээврийг нь хариуцаж ажиллаж байлаа гээд бидний хамтын ажиллагаа олон талаар үр бүтээлтэй байгаа.
– Аврагчид таныг багшаа гэж дууддаг юм билээ…?
– Хөвсгөл нуурт 2003 оноос хойш аялал жуулчлалын чиглэлээр жижиг оврын завь хөвж эхэлсэн. 2007 онд ЗТЯ-ны харьяанд Монгол Улсын далайн захиргаа байгуулагдсан. Энэ цагаас хойш өнөөдрийг хүртэл Хөвсгөл нуурт явж байгаа бага оврын усан онгоцнуудын жолооч нарыг бэлтгэсэн. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын завь жолоодогчид бүгд миний шавь нар. Миний зөвлөгөөгөөр энэ албыг сонирхож, ажиллаж байгаа гурван аврагч байна. Эр зоригийн, тэвчээрийн алба шүү гэж захиж хэлээд, зааж сургаад явуулсан. Өөрөө сонирхож орсон хүн мэргэжилдээ эзэн болж чаддаг юм байна лээ.
– Таны хувьд гурав дахь үеийн удам дамжсан капитан. Хэн хүнд тохиогоод байхгүй ховор түүх шүү?
– Тийм шүү. Миний өвөөг Балжиннямын Чадраабал гэдэг. Усан замын газрын дарга, “Сүхбаатар” хөлөг онгоцны анхны капитан, БНМАУ-ын гавьяат тээвэрчин хүн байсан. 1956-1967 он хүртэл Монголын усан замыг удирдсан хүн.
Аав Ч.Батын хувьд 1964-1967 онд Захиргааны усан замын дунд сургуулийг суралцаж төгсөөд, туслахаас нь ажлын гараагаа эхэлсэн. 1969 онд өвөө бурхан болохдоо “Сүхбаатар” хөлөг онгоцныхоо түлхүүрийг аавд минь гардуулж өгсөн юм билээ. Тэр үеэс 1993 он хүртэл дарга, капитаны ажлыг хийсэн.
Би 2007 оноос хойш Далайн захиргаа гэж байгуулагдахад дотоодын усан зам хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагч гэдэг албан тушаалд томилогдож байлаа.
Өвөө, аав хоёр маань усан замын ачаа тээврийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэхээс гадна баруун аймгийг бараагаар хангах их үүргийг гүйцэтгэсэн. Өвөө тухайн үедээ орос хэл бие даан сурч, оросын худалдаачидтай хамтарч ажиллаж байгаад коммунист намаас монголын талд хөрөнгөө шилжүүлэхэд хөлөг онгоцоо гардаж авч байсан гэдэг. Мөн “Долгион марж” гээд онгоцны загварыг гаргаж, ОХУ-д захиалгаар хийлгэсэн байдаг. Тэр онгоцыг одоо өөрийнх нь нэрэмжит болгосон. Чиргүүлтэй усан онгоц байгаа.
Миний хувьд аялал жуулчлал, зорчигч тээврийн асуудалд илүү анхаарч ажиллаж байна. Түүнчлэн 2017 онд Усан замын тээврийн тухай хуулийг өөрчлөх ажлын хэсэгт ажиллаж, хуулийн шинэчлэлд гар бие оролцсон. Цогц сайн хууль болсон гэж боддог юм.
– Та дээр Хөвсгөл далайд гарсан дуудлага болгонд аврагчидтай хамтарч ажилладаг гэсэн. Хэчнээн техник хэрэгсэл татан гаргах ажиллагаанд оролцсон бол. Тоолж, бүртгэж байв уу?
– Аймгийн Онцгой байдлын газрын бүртгэлээр 16 автомашиныг татан гаргасан байдаг. Энэ бол 2007 оноос хойш Хөвсгөл нуурт гарсан усны осол, живсэн техник хэрэгслийн дуудлагаар ажиллахад гарсан тоо. Газар орон болоод нуурын онцлогийг мэдэх хүн гэж намайг сонгож, итгэж хамтран ажилладагт талархдаг юм. Өнгөрсөн онд “Онцгой байдлын албаны төлөө-3” гэдэг шагналаар намайг шагнасан. Энэ шагнал хамтарч ажилласныг гэхээс илүү олон жил хамт ажиллана гэдэг баталгаа байх гэж хүлээн авсан.
– Хөвсгөл далайд живсэн автомашин, техник хэрэгслийг бид татан гаргадаг байсан ч ийм том онгоц татан авч байсан туршлагагүй. Тэгэхээр ОХУ-ын аврагчидтай хамтарсан дадлага сургуулийн үеэр ямар сэтгэгдэлтэй үлдсэнээ бидэнтэй хуваалцахгүй юү?
– Манай аврагчдын мэргэжлийн ур чадвар маш сайн юм байна. 2007, 2009, 2010 гээд томоохон дуудлагуудад Үндэсний аврах бригадын алба хаагчидтай хамтарч ажиллаж байлаа. Тэр үетэй харьцуулахад их өөрчлөгдсөн, сайжирсан байна. ОХУ-ын аврагчдын ашиглаж байгаа техниктэй харьцуулахад техникийн хувьд харин дутагдалтай санагдсан.
– Татан гаргах гэж байгаа “Сүхбаатар” хөлөг онгоцонд таны бага нас өнгөрсөн гэж та ярьж байсан…?
– Тэгэлгүй яахав. Миний өвөө, аавын жолоодож байсан хөлөг онгоц энэ шүү дээ. Ухаан орох цагаасаа л сууж, тоглож өссөн. Ороод нуугдчихна. Тэгээд тээвэрт хамт явдаг байлаа. Долоо хоногт 2-3 удаа явна. Татан гаргах ажиллагааны ажлын хэсэгт ажиллаж байгаа хүний хувьд бүх мэддэг мэдээллээ хуваалцсан. Энэ онгоцыг гаргахын төлөө л байна. Цаг хугацаа нь жаахан оройтлоо. Бусдаар бол гаргахад бүрэн боломжтой гэж харж байгаа. Уураар явдаг байсан “Сүхбаатар” хөлөг онгоц гээд томоохон түүх, үзмэр болох юм.
– Сүүлийн жилүүдэд дотоодын аялал ихээр хөгжиж, тэр хэрээр Хөвсгөл далайг зорин ирэгчдийн цуваа дулааны улиралд тасрахгүй болсон. Тиймээс далай ээжийг зорин ирэгсдэд таны зүгээс анхааруулмаар, сануулмаар санагддаг зүйл байдаг бол зөвлөгөө өгөхгүй юу?
– Ус гэдэг агуу. Эрдэж болохгүй. Хөвсгөл нуурыг зориод ирж байгаа иргэдийн хувьд сэтгэлийн хөөрөл ихтэй ханддаг. Усанд сэлж чадна гэж бардаад эрсдэх тохиолдол гаргадагт харамсдаг. Хувь хүний ухамсартай холбоотой юм болов уу даа. Хөвсгөл нуур хүйтэн, даралт ихтэй.
Нөгөөтэйгүүр бид далай ээж гэж хүндэтгэдэг шүү дээ. Ээж шигээ хүндэлж, хайрлаж байх ёстой юм. Ээж хүн чихрэнд дуртай байдаг шиг далай ээждээ хатуу чихэр өргөж байх учиртай. Мөн уснаас духандаа хүргэж, сайн сайхныг бодож, хүслээ шивнэвэл биелдэг ч гэж ярьдаг. Хүндэтгэлтэй хандаарай гэж гуймаар санагддаг даа.
Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин