БНХАУ-ын Эрээн боомтод Коронавирусын халдвар бүртгэгдэж энэ сарын 14-нөөс Замын-Үүд хилийн боомтын үйл ажиллагааг зогсоосон нь импортоор орж ирдэг зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн тасалдахад хүргэж байгаа.
Тасалдаж буй бараа бүтээгдэхүүний нэр төрөлд эм, эмнэлгийн хэрэгсэл багтаж байгаа нь иргэдийн санаа зовоосон асуудлын нэг болж байгаа юм. Сүүлийн өдрүүдэд нийслэлийн эмийн сангуудад натрийн хлорид, цус шингэрүүлэх эм зэрэг бүтээгдэхүүн тасалдаж байгаа талаар ч иргэд мэдээлж эхэлжээ.
Эрүүл мэндийн салбарынханд мөн эм, эмнэлгийн хэрэгсэл болон Covid-19-ийн эсрэг эмчилгээнд хэрэглэдэг эм, био бэлдмэлийн нөөц тасалдаж болзошгүй мэдээлэл ирж, нөөцийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм байна.
Монгол Улс хилийн дөрвөн боомтоор буюу Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Чингис хаан олон улсын нисэх буудлаар дамжуулан эм оруулж ирдэг. Үүний дийлэнхийг Замын-Үүд боомтоор импортодог бөгөөд нөөцийн эм бэлдмэлийг хилээр оруулж ирэхийн тулд Гадаад харилцааны яам, Улсын Онцгой комиссод хандаж эм, эмнэлгийн хэрэгслийг чөлөөтэй нэвтрүүлэх боломжийг хайж байгаа аж.
Эрүүл мэндийн яамныхан энэ талаар мэдээлэлтэй байгаа ч нийгмийн сүлжээнд тариур тасалдсан мэдээллийг үгүйсгэж байна. Салбарынхан энэ бол ташаа мэдээлэл. Вакцины тариур хангалттай байгаа. “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд ирж байгаа вакцинууд тариуртай ирдэг учир энэ нь асуудал биш гэдгийг салбар яамнаас хэлсэн. Харин гол анхаарах зүйл бол эмийн импортыг яаралтай зохицуулахыг хичээж байгаа гэдгийг мэдэгджээ.