Төрийн албаны зөвлөлөөс “Төрийн албаны шинэтгэл – Томилгооны зөрчил” сэдвээр хэвлэлийн хурал хийлээ.
Мөн үеэр Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах газрын дарга Ч.Бат-Эрдэнэ Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилт, түүнд хяналт үнэлгээ хийсэн талаар мэдээлэл өглөө. Тэрээр “Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн авч хэрэгжүүлсэн ажлын үр дүн болон олон нийтийн анхаарлыг татаад буй зарим нэг асуудлын талаар мэдээлэл өгье. Төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт тавьж байна.
Энэ онд төрийн албанд нийт 800 гаруй өргөдөл гомдол ирсэн. Үүний 568 нь төрийн албан хаагчийн эрх ашиг зөрчилдсөн болон төрийн байгууллагуудад хууль бус томилгоо явагдаад байна гэх гомдол ирсэн. Үүнийг хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шийдвэрлэсэн. Тухайлбал, төрийн албаны зөвлөл энэ онд 87 ажлын хэсэг байгуулж, 282 байгууллагын 2543 төрийн алба хаагчтай холбоотой хяналт шалгалтын болон хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулсан. Уг хяналт шалгалтын хүрээнд 180 байгууллагын 545 алба хаагчтай холбоотой зөрчил илэрсэн. Уг зөрчлийн дийлэнх хувийг хууль бус томилгоо эзэлж байгаа. Улмаар төрийн албан туушаалд хууль зөрчиж томилогдсон 519 хууль бус шийдвэрийг тогтоогоод, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгч байна. Мөн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгоод, хариуцлага тооцох мэдэгдэл хүргээд ажиллаж байна.
Хууль бус томилгоо хийсэн зарим байгууллагыг дурдвал,
- Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар
- Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба
- Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар
- Төрийн худалдан авах ажиллагааны газар
- Нийслэлийн хот байгуулах хөгжлийн газар
- Нийслэлийн дотоод аудитын газар
- Баянгол, Чингэлтэй дүүргийн ЗДТГ
- Увс, Архангай аймгийн ЗДТГ зэрэг цөөнгүй байгууллага бий.
Түүнчлэн АТГ-аас ирүүлсэн мэдээлэлд үндэслээд хяналт, шалгалтыг зохион байгуулсан. Нийт 115 байгууллагын 280 албан тушаалтантай холбоотой хууль зөрчсөн байж болзошгүй мэдээлэл ирүүлсэн. Үүнээс 100 алба хаагч төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчсөн болох нь тогтоогдсон. Зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна.
Мөн Архангай, Хөвсгөл, Увс, Булган, Ховд аймгуудад хяналт, шалгалт ажил хийсэн. Эдгээр аймгийн 102 төрийн байгууллагыг шалгахад мөн зөрчил илэрсэн. Тухайлбал,
- Архангай аймагт 88 хууль бус томилгооны зөрчил
- Булган аймагт 59 хууль бус томилгооны зөрчил
- Хөвсгөл аймагт 93 хууль бус томилгооны зөрчил
- Ховд 55 хууль бус томилгооны зөрчил
- Увс аймагт 90 хууль бус томилгооны зөрчил илэрсэн .